SENDLY, HIPAY аппликэйшнээр дамжуулан БНХАУ-ын ALIPAY данс руу мөнгөн гуйвуулга хийх боломжтой боллоо
БНХАУ-ын хамгийн том цахим төлбөрийн платформ болох 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй “Alipay”-н үйлчилгээ албан ёсоор Монгол Улсад нэвтэрлээ.
Тодруулбал, “Сэндли ББСБ” ХК нь БНХАУ-ын “Ant Group”-ийн охин компанитай энэ оны 3 дугаар сарын нэгний өдрөөс албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлснээр Олон Улсын мөнгөн гуйвуулгын Sendly, мөн Hipay аппликэйшнээр дамжуулан Монголчууд БНХАУ-ын иргэдийн Alipay данс руу түргэн шуурхай, найдвартайгаар мөнгөн гуйвуулгаа илгээх боломжтой боллоо. Alipay нь БНХАУ-ын иргэдэд аюулгүй, найдвартай төлбөрийн олон сонголтыг санал болгохоос гадна, Alipay мини программууд, амьдралын хэв маягийг хялбарчилсан үйлчилгээнүүд, мөн бусад хэрэгслүүдээрээ дамжуулан Хятад улс дотроо харилцах, төрөл бүрийн дижитал үйлчилгээ авах боломжийг олгодог юм.
Монголчууд БНХАУ-ын иргэдийн Alipay данс руу шилжүүлэг хийхдээ Sendly болон Hipay аппликэйшнийг татаж, харилцагчийн баталгаажуулалтаа хийснээр мөнгөн гуйвуулга хийх боломжтой юм. Харин хүлээн авагч хэрэглэгчийн хувьд “Quick collect” мини апп-ыг нээн хувийн баталгаажуулалтаа хийснээр мөнгө хүлээн авна.
Монгол иргэдийн хувьд “Hipay” болон “Sendly” аппликэйшнээр дамжуулан БНХАУ-ын иргэдийн “Alipay”-н данс руу 50 мянгаас 25 сая хүртэлх төгрөгийг 1-30 хүртэлх минутын дотор шилжүүлэх боломжтой бөгөөд шимтгэлийн хэмжээ 20-80 мянган төгрөгийн хооронд байх юм.
Мөн Монгол Улсын иргэн жилдээ нэг удаа 5.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-аас онлайн шуудангаар захиалахад татваргүй авах боломжтой байдаг. Монголчуудын хувьд хятадын онлайн дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрэлт нь нэмэгдсэн бөгөөд төлбөрөө ихэвчлэн хувь хүмүүсээр дамжуулан шилжүүлэх нь түгээмэл болжээ. Харин Монголд “Alipay” үйлчилгээ ийнхүү албан ёсоор нэвтэрснээр монголчууд эцсийн худалдаалагч руу мөнгөө шууд шилжүүлэх боломж бүрдэж буй нь давуу тал юм.
“Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларыг давсан. Цаашид ч хоёр улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэх учир “Alipay”-н үйлчилгээ нь цаг үеэ олсон, худалдаанд эергээр нөлөөлж, иргэдийн худалдан авалтад цаг хэмнэсэн, аюулгүй найдвартай үйлчилгээ болж байна” гэдгийг “Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат хэллээ.
Иргэд Sendly гар утасны апп-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Sendly-н вэб хуудас www.Sendly.mn-ээс авч болох бөгөөд харилцагчийн үйлчилгээний 77997700 дугаар руу болон contact@sendly.mn хаяг руу холбоо барьж болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
