Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгыг зөв уншиж сурах ЗӨВЛӨМЖ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгыг уншиж сурах зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн ХСА-ны эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмон танилцууллаа. 

Эрүүл, аюулгүй, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг сонгохын тулд хаяг, шошгыг харах нь чухал. Өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийн төлөө хүнсний бүтээгдэхүүний шошгыг тогтмол уншиж хэвшихийг тэрбээр зөвлөв.

Аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө ямар алхам хийх ёстой талаарх түүний зөвлөмжийг хүргэе. 


Тухайлбал, хэрэглэж дуусах хугацааг "Expiry date" (EXP) гэж тэмдэглэх нь түгээмэл байдаг. Үүнийг сав баглаа боодол дээр "Use by","Sell by","Best before" зэрэг сонголтоор бичсэн байдаг. Ялангуяа, импортын бараа бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр их байдаг учраас дээрх хэллэгүүдийг мэдэх нь зүйтэй. 

Аливаа хүнсний бүтээгдэхүүний орц, найрлага, хүнсний нэмэлтийн талаарх мэдээллийг авснаар таны харшилж болох ямар нэгэн нэмэлт бодис байгаа эсэхийг харж, урьдчилан сэргийлэх боломжтой. Хүнсний бүтээгдэхүүний шошго нь дараах мэдээллийг өгдөг.

  • Шинэхэн эсвэл хуучирсан эсэхийг мэдэхийн тулд үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа,
  • Хэрхэн хадгалах, бэлтгэх, боловсруулах талаарх мэдээлэл,
  • Орц, хүнсний нэмэлтийн талаарх мэдээллийг авснаар харшил үүсгэгч бодис агуулагдаж байгаа эсэх мэдээлэл,
  • Үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч, савлагч, импортлогчийн нэр, холбоо барих хаяг зэрэг мэдээлэл,
  • Шимт бодис, шим тэжээл, илчлэгийн талаарх мэдээлэл,
  • Эрүүл мэндийн мэдэгдлийг харах боломжтой. 
Бүтээгдэхүүний нэр ба хаяг хэсэгт холбоо барих утасны дугаарыг заавал бичсэн байдаг. Мөн хэрэглэх зааврыг оруулдаг. Үүнээс тухайн хүнсний бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх эсвэл болгож хэрэглэх заавар болон хэрхэн боловсруулах талаар тайлбарласан байна.

Хэрэв хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн байвал сайтар анхаарч хэрэглэх шаардлагатай.

Зарим хүнсний бүтээгдэхүүн нь харшил үүсгэгчийн мэдээллийг тусад нь анхааруулж бичсэн байдаг. Хэрэглэгч та хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогоос сэргийлэхийн тулд дараах бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд: 

  • Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан болон хонхойсон, төмбийсөн, зэвэрсэн савлагаатай бүтээгдэхүүн,
  • Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн,
  • Хадгалалтын нөхцөл алдсан бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.

Хүнсний бүтээгдэхүүний шошгоос,

  1. Хүнсний бүтээгдэхүүний нэр (хүнсний мөн чанар болон агуулгыг илэрхийлсэн байдаг)
  2. Хүнсний бүтээгдэхүүний шошгололт (хүнсний 100 грамм, 100 мл эсвэл нэг удаад хэрэглэх хэмжээнд агуулагдах шимт бодисын хэмжээ)
  3. Орц бүрдүүлэгчийн жагсаалт (шошго дээр орц бүрдүүлэгчийн бүтээгдэхүүнд орсон жингийн буурах дарааллаар жагсаан бичсэн байдаг)
  4. Нэр, хаяг (хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, экспортлогчийн нэр, хаягийн мэдээллийг авна)
  5. Хэрэглэх заавар (хүнсний шошго дээр хэрэглэх заавар болон хадгалах нөхцөл тодорхой бичигдсэн байдаг)
  6. Огнооны тэмдэглэгээ (үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах хугацаа эсвэл хэрэглэж дуусах хугацааг заавал тэмдэглэсэн байдаг)
  7. Цэвэр ба хуурай жин (шингэн төлөвтэй бүтээгдэхүүнийг эзлэхүүнээр (литр, мл), хуурай төлөвтэй хүнсийг жингээр (кг, грамм) илэрхийлсэн байна. 
Хэрэглэж дуусах хугацаа "Expiry date" нь савласан он сар “Packing date”-ээс ялгаатай. Савласан он, сар, өдөр нь хүнсний бүтээгдэхүүнийг худалдахын өмнө зориулалтын хэрэгсэлд савласан хугацаа юм.  
Он, сар, өдрийн тэмдэглэгээ чухал. Аливаа бүтээгдэхүүний зөвхөн дуусах хугацаа биш, үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах хугацаа эсвэл хэрэглэж дуусах хугацааг заавал тэмдэглэсэн байдаг. Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь маш эрсдэлтэй. Түүнчлэн тухайн хүнсний бүтээгдэхүүний савыг онгойлгосноос хойш буюу нээснээс хойш хэд хоногийн дотор хэрэглэнэ гэсэн мэдээллүүдийг шошгоос авах нь чухалгэдгийг зөвлөлөө.