Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгон шалгаруулалтаар GS25 хамгийн сайн үнэлгээг авч, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахаар болсон"

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалттай компани Төрийн ордонд байрлаж ажиллах нь зөв эсэх талаарх маргаан олон нийтийн сүлжээнд яригдаж байна. 

Энэ талаар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газраас тодруулахад "Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 10-нд зарласан. Гурван компани сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдсөн. Тэднээс GS25 хамгийн сайн үнэлгээг авч, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахаар болсон. Хуучин буфет байсны оронд буюу Төрийн ордны зөвхөн нэг давхарт үйл ажиллагаа явуулна. 

Франчайзын гэрээг нь л Солонгосоос худалдаж авч ажиллуулж байгаа болохоос биш GS25-ыг монголчууд ажиллуулж байгаа юм. Олон улсын стандартыг мөрдөж монгол хүмүүс өөрсдөө ажиллуулж байгаа гэсэн үг.

Одоогоор тус байгууллагын үйл ажиллагаа арай эхлээгүй байна" хэмээн тайлбарлав. 

Харин ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн энэ тухайд "Төрийн өмчийн талбайг түрээслүүлэх тухай журам гэж байдаг. Сүлжээ дэлгүүрийн шалгаруулалтад хоёр компани оролцсон. GS25-ын үнийн санал нөгөө байгууллагаас зургаа дахин өндөр байсан. Үндэсний үйлдвэр гээд өндөр үнэтэй байх, франчайз гээд бага үнэтэй байх ёстой гэхээсээ хамгийн боломжийн үнийг харж шалгаруулалт явуулах учиртай.

Франчайз гэдэг нь нэг талаасаа давуу байдал бий болгож байна. Олон улсын стандартын бүтээгдэхүүн орж ирж байна. Суралцах зүйлүүд бий. Үндэсний үйлдвэрлэгчид ч бас өрсөлдсөн. Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Хамгийн өндөр үнэ өгсөн газар нь шалгарсан гэдгийг хэлье. Төрийн ордны тухай хуулийн дагуу согтууруулах ундаа зарж болохгүй. 

Төр өөр дээрээ байгаа аж ахуйн үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх чиглэлд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Төрийн ордонд зарим нэг үйлчилгээ нэмэгдэнэ. Тухайн үед нь олон нийтэд нээлттэй зарлана" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг энэ сарын 1-нээс зогсоосон билээ. Тус байгууллагад Төрийн ордон дотор үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд, кофе шоп, төв талбайн баруун талын "Элит" ресторан, Засгийн газрын хэвлэх үйлдвэр хамаарагддаг. Ингэснээр Төрийн ордны зоогийн газар ажиллахгүй болсон.

Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Энэхүү шийдвэр гарснаар хувьчлал явагдах вий гэдэг хардлага төрөх магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор сонгон шалгаруулалтад орох ААН нь улстөрчид болон тэдний бизнес, хамтрагчтай холбоотой байх ёсгүйг тогтоолд тусгасан" гэдгийг хэлж байв.