Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр” энэ жил “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор болно.
Иймд усны өдрийг угтан манай улсын усны салбарынхан “Монгол орны ундны усны чанарын судалгаа- Ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хурлын үеэр НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторийн микробиологич Б.Мөнхжингийн хэлэлцүүлсэн “Улаанбаатар хотын ундны усны нянгийн бохирдлын судалгаа" сэдэвт илтгэл онцлог байлаа. Тэрбээр илтгэлдээ 2020-2023 онд НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторид хийгдсэн ундны усны шинжилгээний үр дүнг танилцуулсан юм.
Б.Мөнхжин "Манай лаборатори ундны усанд хими, физик болон нян судлалын үзүүлэлтээр шинжилгээг хийдэг. Бид нутаг дэвсгэрээр нь судалгаа хийдэггүй. Харин иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр улирал, жил, сар тутам зэргээр ундны усны шинжилгээг хийдэг.
Манай лабораторид жилд 1,000-аас дээш дээж ирдэг. Энэ удаа бид анхаарал татахуйц ундны усны хэсгийн дээжийг аваад, бохирдлын түвшнийг харуулсан.
Эдгээр нь яагаад илрээд байна вэ гэхээр
Гэр хорооллын иргэд нөөцийн сав буюу хуванцар саванд усаа хийж өдөр тутамдаа хадгалдаг. Тэгэхээр тэнд яг нян үржих нөхцөл бүрдээд байдаг гэсэн үг.
Лабораториос нөөцийн савны ариун цэврийг байнга хянах боломжгүй учраас иргэд худгийн усыг эсвэл усны саваа байнга шинжлүүлж байх хэрэгтэй байна. Тогтмол шинжилгээнд хамрагдаж байж бид нянгийн бохирдлоос сэргийлж чадна.
Энэхүү олон улсын жишээг өөрсдийн улсын хөрсөн дээр буулгавал манай гэр хорооллын худгууд нүхэн жорлонтойгоо ойрхон байдаг. Хавар болж улирлын чанартайгаар хөрс гэсэхээр тэнд байгаа микробион өөрчлөгдөж нянгийн тоо ихэснэ. Тэр нь доошоо гүний усандаа нөлөөлж байна гэсэн үг.
Иргэд маань сайн дураараа худаг гаргаад ундны усандаа хэрэглээд байж болохгүй. Стандартын шаардлагад нийцүүлж, шинжилгээнд хамрагдаад хэрэглэж болно гэсэн дүгнэлтээ авч байж хэрэглэх ёстой" гэлээ.
Шинжлэх ухааны академи нь хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд монгол орны төв суурин газрын ундны усны чанарын судалгааг хийж улсын хэмжээний том мэдээллийн сан үүсгэсэн. Өнөөдрийн хурлаар Монгол Улсын ундны усны чанарын өнөөгийн байдлыг үнэлж, дүгнэж цаашид хэрэгжүүлэх зорилтыг энэхүү хурлаар хэлэлцэж холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|