• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Дэлгэрцэцэг: Хүүхдийн хавдрын үед 14-өөс дээш хоног халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн байна. 

Тодруулбал, 16 бүлгийн 100 гаруй төрлийн хортой хавдар хүүхдэд тохиолдож байгааг ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг хэллээ. 

Манай улсын 0-19 насныханд хорт хавдрын өвчлөлийн бүтцэд лейкеми, тархи мэдрэлийн хавдар, яс мөгөөрсний хавдар, ходжикины бус лимфома, өндгөвчний хорт хавдар зонхилон тохиолдож байгаа аж.

Энэ талаар "Хүүхдийн хавдар нь насанд хүрэгчдийн хавдраас ялгаатай. Эцэг, эхчүүдийн хувьд хавдрын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ төрлийн ойлголт дутуу байгаагаас аливаа асуудалд хандаж буй хандлага ч өөр болдог.

Хүүхдэдээ тавьж буй эцэг, эхийн анхаарал, сэрэмж хавдрын эрт илрүүлэгт маш чухал. Үүнээс шалтгаалж эмнэлэгт эрт эсвэл хожуу ирж байна уу гэдэг нь ялгаатай. Харамсалтай нь өсвөр насныхны ихэнх нь хавдрын эцсийн шатандаа оношлогдож, эмнэлэгт ирж байна. Харин хөхүүл хүүхдүүд болон сургуулийн өмнөх насныхан харьцангуй эрт ирж байна. Яагаад гэвэл, хүүхдээ бага байхад нь биед гарч буй өөрчлөлтийг эцэг эхчүүд илүү ажигладаг. Тиймээс хавдрын эрт илрүүлэг тэдний анхаарал, халамжаас шууд хамаарч байгаа. Мөн хүүхэдтэй ойр ажиллаж буй хүмүүс ч анхаарах нь чухал" гэдгийг Ч.Дэлгэрцэцэг эмч хэллээ. 

"Хүүхдийн хавдрын үед шинж тэмдэг хурц ажиглагддаггүй. Халуурах зэрэг энгийн зовуурь илэрдэг"

Мөн тэрбээр "Өсвөр насанд нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ биед ажиглагдаж буй шинж тэмдгийг тэр бүр анхаардаггүй. Түүнчлэн зарим хүүхэд өөрт илэрч буй зовуурийг ч гэр бүлийнхэндээ илэрхийлж мэддэггүй. Ингэж явсаар хавдрын эцсийн шатандаа эмнэлэгт ирж, оношлогддог. Тийм учраас өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй.Хавдрын эрт илрүүлэгт эцэг, эхийн үүрэг маш чухал.

Хүүхдийн хавдрын үед шинж тэмдэг хурц ажиглагддаггүй. Халуурах зэрэг энгийн зовуурь илэрдэг. Гэхдээ халуурсан тохиолдолд хавдартай байж болзошгүй гэж айх хэрэггүй. Ямар нэгэн ханиад, томуу тусаагүй мөртлөө 14-өөс дээш хоног халуурсан тохиолдолд эмнэлэгт хандах нь чухал. Өөрөөр хэлбэл, халдварын шалтгаангүйгээр олон хоног халуурах нь хавдрын эрсдэлтэй байж болзошгүй. Харин цонхийж цайх, өглөө босоход толгой эргэж бөөлжих, хэвийн ачаалалтай байх үетэй харьцуулахад ядарч сульдах зэрэг нь халдварын бус шалтгаан. 

Хүүхдийн бие махбодын онцлогоос хамаарч цусны хорт хавдар хамгийн их тохиолдож байна. Ялангуяа, 3-5 насны хүүхдүүд цусны хавдраар илүү их оношлогдож буй. Дараа нь тархи болон бусад төрлийн хавдар илэрч байгаа юм. 

Цусны цочмог цагаан эсийн хортой хавдрыг ЭХЭМҮТ-д 67.9 хувьтай эмчилж байна.Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын долоо нь эмчлэгдэж, гурав нь эндэх эрсдэлтэй байна. Хавдрын эмчилгээ ганцхан сарын дотор явагдаад л дуусчихдаг зүйл биш. Эмчилгээ хамгийн багадаа 5-6 сар үргэлжилдэг. Энэ хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна бүх талын дэмжлэг хүүхдэд хэрэгтэй" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг