Уншиж байна ...

Португалийн од таван ДАШТ-д гоол оруулсан анхны хөл бөмбөгчин боллоо

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий H хэсгийн хоёр дахь тоглолт Пүрэв гарагт Португал, Гана улсын шигшээ багуудын хооронд өрнөсөн юм.

Тоглолт 3:2 харьцаатай өндөрлөж, португалчууд эхний хожлоо авсан байна.

Португалийн домогт тамирчин Кристиано Рональдо энэ тоглолтын үеэр дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд бичигдэх амжилтын эзэн болжээ.

Одоо 37 настай тэрбээр таван өөр ДАШТ-д өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан анхны тамирчин болж байна.

Сүүлийн өдрүүдэд үргэлжилж байсан дуулиан, хэл ам өчигдрийн түүхэн амжилтаар хаагдаж буйг Рональдо өөрөө хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр TalkTV сувагт өгсөн ярилцлагадаа өөрийн тоглодог Манчестер Юнайтед клуб болон түүний менежэр Эрик тен Хагийг шүүмжилсэн нь нэлээд дуулиан дэгдээгээд байв. Энэхүү ярилцлагын дараа Рональдо тус клубээс гарах болсныг Манчейстер Юнайтед мэдэгдсэн юм.

“Нэг хуудас эргүүлж дууссан долоо хоног болж өнгөрлөө. Бид хожиж, би багтаа тусалж чадна. Үүнээс бусад нь надад хамаагүй. Энэ бол миний оролцсон тав дахь ДАШТ. Бид яллаа, бид зөв хөл дээрээ бослоо, энэ бол маш чухал. Энэ тэмцээнд эхний тоглолт чухал үүрэгтэй байдаг. Таван ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч болсноороо би маш их бахархаж байна” гэж тэр тоглолтын дараа ярьжээ.

Үүнээс гадна Рональдо нь ДАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад тамирчдын хоёр дахь нь болж байгаа юм. Тэрбээр 37 нас, 292 хоногтойдоо гоол оруулсан бол 1994 онд Камеруны Рожер Милла 42 нас, 39 хоногтойдоо ДАШТ-д гоол оруулж байжээ.

Дараагийн ДАШТ-д 41 настай байх Рональдо энэ амжилтыг эвдэх боломжтой юм.

Бас тэрбээр улсынхаа шигшээ багийн түүхэнд ДАШТ-д гоол оруулсан хамгийн залуу, хамгийн ахмад тамирчин гэсэн хоёр дээд амжилтыг зэрэг эзэмшиж буй гурав дахь хүн болж байна.

Нөгөө хоёр нь Хорватын Ивица Олич, Данийн Майкл Лаудруп нар юм.

ДАШТ-ээс гадна Европын аварга шалгаруулах тэмцээнийг оролцуулбал Рональдо нь олон улсын томоохон 10 тэмцээнд дараалан гоол оруулсан тамирчин болоод байна.

 

Эх сурвалж: BBC