Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбаатар: Цар тахлын дараа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдлыг ойлгодог болж эрэлт хэрэгцээ маш их байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар салбарын эмч, мэргэжилтний өгсөн дараах мэдээллийг хүргэж байна. 

Клиникийн профессор, Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар "Өнөөдрийн байдлаар манай улсад 150 гаруй сэтгэцийн эмгэг судлаач эмч ажиллаж байна. 3 сая гаруй хүн амд 150 гаруй сэтгэцийн эмч хүрч ажиллахад хүндрэлтэй. Дээрээс нь сэтгэл засал гэдэг том салбар манай улсад хөгжиж эхэлж байгаа. 1970 оны үеэс хөгжиж байгаа боловч хангалттай хэмжээнд хүрээгүй. Тиймээс ч энэ тал дээр боловсон хүчний асуудал маш чухал. Цар тахлын дараа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн ач холбогдлыг харьцангуй ойлгодог болсон бөгөөд эрэлт хэрэгцээ маш их байна" гэдгийг ярив. 

АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор З.Хишигсүрэн "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тооцооллоор жилд 800,000-1,000,000 хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас үүдэн амиа хорлодог байна. Гэхдээ үүнээс хоёр дахин нэмэхүйц байдлаар амиа хорлох оролдлого хийдэг талаарх тоо баримт бий. Ялангуяа, манай улсын ид ажил хөдөлмөр эрхэлж буй залуус, өсвөр насныхны дунд амиа хорлолт, амиа хорлох оролдлого өсөн нэмэгдэж байна" гэдгийг хэлсэн юм.

СЭМҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор В.Баярмаа "Монгол улсын 11 аймаг, таван дүүргийг хамарсан сэтгэл зүйн судалгааг сургууль дээр суурилсан байдлаар хийсэн. Үүнээс харахад, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 

  • 60.5 хувь нь эрүүл
  • 30.5 хувь нь тулгамдсан асуудалтай
  • 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байна" хэмээн хэллээ. 

Сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин "Сүүлийн үед хүүхэд, залуусын дунд донтолтын асуудал тулгамдаж байна. Ялангуяа, залуучуудын дунд мансууруулах төрлийн бодисын хараат байдал, дэлгэцийн хараат байдал (фэйсбүүк, твиттер, инстаграм) донтолт газар авч байгаа. Энэ төрлийн эмгэг хамгийн элбэг байна хэмээн үзэж байгаа" гэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд үндэсний чуулган энэ сарын 13-нд болох гэж байна. Энэхүү чуулганд ЭМЯ, ДЭМБ, СЭМҮТ, МСЭМН, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцох аж.