ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Улстөрчдөд Бурхан, буг хоёр зэрэг зөвлөгөө өгөхөд тэд хоёр дахийнх нь үгийг дагах нь илүүтэй байдаг аж"

А.Номин
2022 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

-Цуврал 3-

Либертари үзэлтэн, философич Б.Батчулуун "Төр хэмээх мөсөн уул" нэртэй ээлжит либертари номоо гаргажээ. Уг номын бүлгүүдээс цувралаар хүргэж байна.

Бүлгийн эхний зураг дээр вампир нэгэн эмэгтэйн цусыг сорж байх юм. Цусаа соруулан, зовж шаналж буй эмэгтэй нь “Эрх чөлөөний хатагтай” (Miss Liberty), цус сорогч нь ерөнхийлөгч асан Буш. Зохиогчийн тайлбарласнаар, Буш гэсэн хувь хүнийг вампир гэж байгаа юм биш, гол нь тэр хүнээр төрийг бэлгэдсэн гэнэ. Харин цусаа соруулагч нь мэдээж, Эрх чөлөө. Ингээд төрийн талаар хэлсэн их сэтгэгчдийн эшлэлээс оруулжээ.

  • “ТӨРД ЯМАГТ АРААТНЫ ХААНЧЛАЛ ХАРАГДДАГ.” Николай Бердеяв (1874-1948 он, Зөвлөлт Оросоос дүрвэн, Францад амьдарч байсан философич)
  • “ЗАСГИЙН ЭРХИЙГ ХЭН БАРЬЖ БУЙГААС ҮЛ ХАМААРАН ЗАСАГ ӨӨРӨӨ НҮГЭЛТ ЗҮЙЛ, ЗАСАГ НЬ ӨӨРТӨӨ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭВДЭН ЗАВХРУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХАД ХҮРГЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ.” Якоб Буркхард (1818-1897 он, Швейцарийн соёлын түүхч)
  • “АЛИВАА ЭРХ МЭДЭЛ ХҮНИЙГ ЭВДДЭГ БОЛ ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛ ХЯЗГААРГҮЙ ЭВДДЭГ.” Лорд Актон (1834-1902 он, Английн төрд алба хашиж байсан Лорд хэргэмтэн, түүхч)

“Тэгээд төргүй яах болж байна аа?” гэсэн гэнэн асуултад өгөх хариу. Энэ бол зохиогчийн энэ бүлэгт өгсөн гарчиг. Зохиогч энэ бүлгийг ийн нэрийдсэн учир нь, монголчууд төрийн талаарх либертари санааг сонсонгуутаа их тэвддэг гэнэ. Тэгээд сандарч тэвдэн, айж болгоомжилсондоо энэхүү гэнэн асуултаа өөрийн эрхгүй тавьдаг аж.

Бүлгийн үндсэн агуулга: Стэйтист буюу төрийн талд зогсогч; Төрийг яах гэж бий болгодог вэ?; Фромм төрийг шүтэгчдийн тухайд; Төрийг “луйварчин”, “дээрэмчин”, “мөлжигч”, “албан тушаалын панзчин” хэмээн тодорхойлдгийн учир; Төр хэмээх мөсөн уул; Төрийнхний “аж төрөх арга”; Хувь хүн яагаад төрөөс дээгүүр байх ёстой вэ?; Анархизм; Хард болон софт стэйтизм.

Хуудас эргүүлж байтал Лассалийн зураг гараад ирэв. Их гайхаж, лавлуулан харвал “Шөнийн харуулын төр” буюу “ёс төдий төр”-ийн тухай санааг үндэслэгч Ф.Лассаль (1825-1864 он). Ийм санаа социалист үзэлтэй хүнээс гарсан нь сонин. Тэр үеийн Германы социалистууд өнөөгийн манай социалистуудаас хамаагүй илүү либерал итгэл үнэмшилтэй байжээ гэсэн тайлбар хийсэн байв. Тэгээд Лассалийн зургийг оруулсан аж.

76 гишүүний зургийг тавиад ард түмэн тэднийг яагаад 76 үхэр хэмээн хочлох болсон шалтгааныг тайлбарлажээ. Мөн нэгэн хүний хоёр талаас Бурхан, Буг хоёр ятгаж буй шог зураг байх юм. Зургийн доор "Улстөрчдөд Бурхан, буг хоёр зэрэг зөвлөгөө өгөхөд тэд хоёр дахийнх нь үгийг дагах нь илүүтэй байдаг аж" гэсэн тайлбар хийжээ.

зураг
 
зураг
 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын гишүүд өөрсдийгөө ард түмний мөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй гэдэгт бүрэн итгэчхээд сууж буй нь. Яг энд ард түмний хөрөнгө тэрбум, тэрбумаар эрх мэдэлтнүүдийн халаасанд орж байдаг гэжээ.

зураг
 
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид Франц улсад айлчилж байна

Гадаад айлчлал, хүлээн авалт нь төрийнхний хамгийн их таашаал авдаг зүйлсийн нэг. Татвар төлөгчдийн мөнгө ихэнх тохиолдолд энд үр ашиггүй урсдаг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Боловсрол, соёл, шинжлэх ухааны Яам гээд ганц Яам байсныг одоо хоёр яам болгосон. Монголд ингэж хэн нэгэнд зориулж, зохиомлоор бий болгон, худалдсан “Түлээ бэлтгэлд хяналт тавих Ван эзний Зөвлөх” гэдэг шиг албан тушаал, яам тамгын газар их байдаг (Бастиагийн хэлсэн шиг). Зохиомол учраас функцгүй, эсвэл функц нь давхардсан байдаг учраас төдхөн татан буугдана”. 17, 18-р зуунд Францад хаад нь албан тушаал зохиомлоор бий болгож, худалддаг байсан тухай Ф.Бастиа хэлсэн байдаг. “Сахал хусах талаар Ван эзний Зөвлөх”, “Тос амтлагч түшмэл” гэх шиг. Яг түүн шиг Монголд хэн нэгнийг сайд болгохын тулд шинэ Яам байгуулдаг тухай, Яамдын сайд, Агентлагийн дарга, Яамдын хэлтсийн дарга нарын албан тушаал өөр өөр ханштай байдаг тухай өгүүлжээ.

Энэ бүлгийн хамгийн сонирхолтой санаануудын нэг бол анархизмын тухай хэсэг. Бид анархизмыг дэндүү худлаа тайлбарласаар ирж. Ердөө марксист-ленинист тайлбарыг сонссон, түүндээ итгэчихсэн юм байна. Философи утгаараа огт өөр зүйл байж.

зураг
 

“Анархизмын үндсийг тавигчдын бүтээлүүд” гэсэн гарчигт дараах бүтээлүүдийн зургийг тавьжээ. У.Годвин, “Калэб Уиллъямсын адал явдал” (1794 он) Р.Ж.Прудон, “Өмч гэж юу вэ?” (1840 он), “Эдийн засгийн зөрчлийн систем” (1846 он) М.Бакунин, “Славчуудад хандсан уриалга” (1848 он) П.Кропоткин, “Хувьсгалчийн дурсамж” (1899 он), “Харилцан туслалцаа” (1902 он)

Энд томоор онцолж бичсэн нэгэн эшлэл тааралдсан нь “АНАРХИЗМ НЬ ХУВЬ ХҮНИЙ БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛЖ БАЙДАГ БОЛ АВТОРИТАРИАНИЗМ НЬ УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ИЛЭРХИЙЛДЭГ” гэжээ.