ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн сайд анхнаасаа шударга бус үйлдэлтэй эвлэрээгүй бол Түлэнхийн эмнэлгийн 9,500 ам метр газар асуудалгүй чөлөөлөгдөх байсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн яаманд энэ онд олгосон нэг их наяд төгрөгийн төсвийн зарцуулалт, Тахилтын эмнэлгийн төсөв, Түлэнхийн эмнэлгийн газрыг чөлөөлөх зэрэг асуудлаар иргэн О.Энхмаа мэдээлэл хийж, шаардлага хүргүүллээ.

Тэрбээр “2022 оны улсын төсвөөс 1.32 их наяд төгрөгийг Эрүүл мэндийн яаманд төсөвлөсөн. Үүнээс урсгал зардалд 904.3 тэрбум, хөрөнгийн зардалд 128 тэрбум төсөвлөгдсөн. Энэ нь хэрхэн үр ашигтай зарцуулагдаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд ач холбогдлоо өгч байгаа нь тодорхой биш байна.

Иймд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг эмч хүний хувьд би өнөөдөр гурав дахь яаманд шаардлагаа хүргүүлж байна. Ингэхдээ төсвийг улирал тутамд мэдээлж байхыг шаардаж байгаа юм.

Түүнээс гадна Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хуулийн төслийг санаачлан боловсруулалт хийх баг үүсгээд УИХ-ын дарга Г.Занданшатараар дэмжүүлэн Төрийн ордонд хэлэлцүүлэг хийхээр болсон. Учир нь өнөөдөр бүх эмнэлгийн газруудад дээрэмчид гар дүрсэн байна.

Өнөөдөр улсын эмнэлгийн газрын 40-60 хувь нь танагдсан байгаа асуудалд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улсын төв архив гэх мэт албаны байгууллагаас баримтжуулан эдгээр газрын дээрмийн асуудалд албан ёсоор дүгнэлт гаргуулсан.

Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хууль нь Монгол Улсад ач холбогдолтой бөгөөд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа увайгүй үйлдэлд хориг саад хийх эрх зүйн акт боловсруулах чухал асуудлыг Төрийн ордонд хэлэлцүүлж, хуулийн төслийг өргөн барихаар болсон.

Түлэнхийн эмнэлгийн газрын 60 хувь нь алдагдаж, өнөөдөр 12 давхар орон сууцны барилга болсон байна. Монголд шударга ёс байхгүй, улсын эмнэлгийн газар дээр улайм цайм хувийн орон сууц баригддаг завхарсан үзэгдлийг нь арилгуулахад эмч миний зүгээс 2020 оны есдүгээр сарын 24-нөөс хойш зургаан удаа АТГ-т хандсан.

Түлэнхийн эмнэлгийн газар дээр 2.6 сар хяналт шалгалт хийхэд үнэхээр иргэдийн эмчлүүлэх эрх зөрчигдсөн байна гэж ХЭҮК дүгнээд, Ерөнхий сайд үүрэг өгөөд ч дийлээгүй.

Монгол Улсын төр засаг яачихсан болоод улсын эмнэлгийн газар дээр хувийн орон сууц босчихдог байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд Түлэнхийн эмнэлгийн А блок нээлтээ хийх үеэр ичихгүй тууз хайчлаад зогсож байсан.

УИХ, Засгийн газар өнөөдөр төсвийг хяналтгүй зарцуулж, эмнэлгүүдээ олигтой барьж чадахгүй, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чухал ажлаа нэр төртэйгөөр хийх чадамжгүй байгаа учраас шаардлага хүргүүлж байна.

Тиймээс Онцгой бүсийг хамгаалах хуулийн хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам дэмжиж, шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй байхыг Эрүүл мэндийн сайдаас шаардаж байна. Хэрэв анхнаасаа сайд шударга бус үйлдэлтэй эвлэрэлгүй, эмчтэйгээ хамтраад тэмцсэн бол 9,500 ам метр газар асуудалгүй чөлөөлөгдөх байлаа.

Эрх мэдэлтнүүд, сайд дарга нар шударга байдлыг дэмжээгүй учраас Түлэнхийн эмнэлгийнх болох нь нотлогдчихсон 9,500 ам метр газрыг чөлөөлөх ажил удаашралттай байгааг онцолъё.

Түүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 100 ортой эмнэлэг буюу алслагдсан хорооллын 150 мянган иргэнд үйлчлэх 100 ортой нэгдсэн эмнэлгийг санаачилсан.  Энэ эмнэлгийн төсвийг УИХ-ын намрын чуулганаар дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож, шаардаж байна.

Би дараагийн удаа БОАЖЯ, Хууль зүй, дотоод хэргийн яаманд төсвийн зарцуулалтыг ил тод байлгах талаар шаардлага хүргүүлэх болно.  Энэ асуудал дээр анхаарлаа хандуулбал төсвийн зарцуулалт илүү үр дүнтэй байх боломжтой” гэв.