ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Фронтын шугамаас хол оршдог Украины хот Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр 23 хүн алагдав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр дайны фронтоос алс хол оршдог Украины хот Оросын пуужингийн цохилтод өртсөний улмаас 23 хүний амь үрэгджээ. Бас 66 хүн шархадсан тухай орон нутгийн эх сурвалж мэдээлсэн байна.

Оросын армийн шумбагч хөлөг Хар тэнгисээс гурван ширхэг Калибр далавчит пуужинг Винница хот руу харвахад оффисын болон орон сууцны барилга өртжээ.

370,000 орчим оршин суугчтай Винница хот нийслэл Киевээс баруун өмнөд зүгт, Донбассын фронтоос олон зуун километрийн зайд оршдог.

Алагдсан хүмүүсийн гурав нь хүүхэд байжээ. Тэдний хамгийн бага нь болох 4 настай Лиза охины гэрэл зургийг Украины батлан хамгаалах яам сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Тэрбээр хэл яриа зүгшрүүлэх хичээлд суусныхаа дараа ээжийн хамт гэртээ харьж яваад пуужингийн цохилтод өртжээ. Цохилтоос өмнө авсан гэрэл зурагт Лиза охин ягаан өнгийн хүүхдийн тэрэг түрж явааг харуулсан байна. Харин цохилтын дараах гэрэл зурагт пуужингийн цохилтод өртсөн барилгын ойролцоо түүний түрж явсан тэрэг хэвтэж байгааг харуулжээ.

зураг
 

“Оросын тал өдөр бүр цэргийн бус байгууламжууд руу пуужин харваж, Украины энгийн иргэд, хүүхдүүдийг алж байна. Үүнийг терроризм гэхгүй бол өөр юу гэх юм бэ?” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна.

Оросын зэвсэгт хүчин зөвхөн цэргийн байгууламжуудад цохилт өгч буйгаа дахин дахин мэдэгдэж байгаа. Винница хотод өгсөн цохилтынхоо талаар тус улсын батлан хамгаалах яам ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба “Бид Украинчуудын унагасан цус, нулимсны дусал бүрийн төлөө Оросын дайны гэмт хэрэгтнүүдийг шүүхийн өмнө зогсоох болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Украины поп дуучин Роксолана өчигдөр орой Винница хотод тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч концертын танхим нь пуужингийн цохилтод өртсөн байна. Түүний багийн гишүүд бүгд шархдаж, нэг нь амиа алдсан тухай дуучин Инстаграм хуудсандаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC