Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Дугуй цагаан орчмын газарт "Энигма" компани сургууль барина гээд төлбөрөө төлөхгүй өнөөг хүрсэн байна

ikon.mn
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгасан.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан юм. Олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгаж, хогийг ачих гэтэл тус гэрийг барьсан компанийн зүгээс хүсэлт гаргасан тул түр харзнасан боловч компани хогийг ачиж зөөвөрлөөгүй төдийгүй хууль зөрчсөн үйлдлээ өмгөөлсөн мэдээллийг олон нийтэд цацсан.

Тиймээс өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

- Мэргэжлийн хяналтын байгууллагад 2013 оноос эхлэн тус байгууламжийн үйл ажиллагаа, газартай холбоотой гомдол ирж байсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, УБЗАА, Газар зохион байгуулалтын албатай хамтран хяналт шалгалт хийж байсан. Шалгалтаар олон зөрчил илэрч байсан.

Хамгийн ноцтой нь тус байгууллага газрын төлбөрөө төлж байгаагүй. Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж газрын төлбөрөөс зайлсхийсэн. Гэтэл Дархан цаазат газарт сургууль, боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулахаар газар олгохыг  хориглодог. "Энигма" компани дээр тэрбум орчим төгрөгийн газрын төлбөрийн зөрчил бий. Түүнийгээ төлөөгүй хэр нь газрын зөвшөөрлөө МҮИС-ийн нэр рүү шилжүүлсэн байдаг. Газрын төлбөрөө төлөөгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн заалт бий. 2017 онд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлтийг тухайн үеийн Байгаль орчны сайдад хүргүүлж байсан.

- Газрын төлбөрийн хэмжээг тэрбум төгрөг хүртэл нь яагаад арга хэмжээ аваагүй юм бэ. Анхнаасаа яагаад тэнд газар эзэмших зөвшөөрөл олгосон юм бол?

- "Энигма" компани Газрын төлбөрийн тухай хуулийн  “...бүх шатны боловсролын байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр газар эзэмшиж, ашиглах төлбөрөөс чөлөөлнө” гэсэн заалтыг үндэслээд чөлөөлүүлээд байсан. “Бид энд сургууль барина” гээд төлбөрөө төлөхгүй өнөөг хүрсэн байгаа юм. Гэтэл Дархан цаазат газар нутгийн тухай хуульд зөрчилтэй заалт байдаг. Одоо болохоор МҮИС-ийн нэр дээр газрын зөвшөөрлөө шилжүүлчхээд байгаа хэрэг. Дархан цаазат газар нутагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шууд харьяаны асуудал юм.

"Хууль бус үйлдэл гаргагчидтай үгсэн хуйвалддаг дунд, доод шатны хүмүүс байвал хариуцлага тооцно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

- Төгсгөлд нэг тодруулга хийе. Өмнө нь ийм байсан, ингэж болдог байсан гэдэг нь өдгөө албан тушаал хашиж буй бидэнд хамаагүй. Мэдсэн хэр нь нүдэн балай, чихэн дүлий явдаг урьдын алдааг бид давтахгүй. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайг зориулалтын дагуу ашиглуулахын төлөө, тохижуулахын төлөө ажиллана. Хуучны аргаараа бидний үйл ажиллагаанд саад болох гэж байгаа бол тийм зүйл байхгүй шүү. Бүх шатанд хууль зөрчиж ирсэн хүмүүстэй тэмцэнэ.

Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд байгалийн унаган төрхийг хадгалах үүрэгтэй. Гэтэл унаган төрхийг алдагдуулж, хэзээ мөдгүй нурж унахаар болсон балгасаар дүүргэсэн. Ийм байдлыг таслан зогсоосны төлөө дарамтлах гэж оролдож, энд тэндээс утсаар яриулж байгаа нь харамсалтай. Хууль бус үйлдэл гаргагчидтай үгсэн хуйвалдаж, эвлэрдэг, хамтарч ажилладаг, даалгаврыг нь биелүүлдэг дунд, доод шатны хүмүүс байвал хариуцлага тооцно.

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар