• 6 сарын 25, Бямба
Уншиж байна ...

Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор харилцан айлчлал зохион байгуулахаар санал солилцов

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гадаад харилцааны яам

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 12-нд Улаанбаатар хотод болов.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрх дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн хэлэлцэж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа ирэх 2023 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах талаар санал солилцов.

Мөн Монгол, Британийн хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов. Түүнчлэн талууд олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санал, санаачилгуудын талаар ярилцав.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам