Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Банкуудын IPO-г хойшлуулах сонирхол хэнд байна вэ?

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2022 оны 5 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг

Төв банкны ерөнхийлөгч энэ сарын 2-нд үндэсний олон нийтийн телевизээр “Өмнө нь банкууд ногдол ашиг хуваарилахыг хязгаарладаг байсан. Одоо бол олон нийтэд нээлттэй банкуудын хувьд өөр байх болно. Жил бүр ногдол ашиг хуваарилна. Ногдол ашиг хуваарилсан хэмжээгээр хувьцааны үнэ ханш нэмэгдээд явна. Өмнө нь банкуудыг зөвхөн Монголбанк хянадаг байсан бол одоо СЗХ, Хөрөнгийн бирж хянадаг болж байна. Ингэхээр банк эрүүл саруул ажиллах нөхцөл бүрдэнэ. Дээр нь олон улсын жишгийн дагуу төрөөс эдгээр банкуудыг дампууруулахгүй. Мөн нээлттэй болж байгаа болохоор иргэд эргээд нээлттэйгээр мөнгөө гаргах боломжийг төрөөс бүрдүүлнэ” гэж мэдэгдэж байв.

Товчхондоо мань эр банкны IPO  маш зөв шийдэл, системийн нөлөө бүхий банкуудын хувьд ямар ч эрсдэл байхгүй гэж дуугарсан юм, тэр өдөр. Гэтэл ердөө маргааш, нөгөөдрөөс  нь л  “Ер нь AQR хийж байж IPO-г эхлүүлэх нь зөв юм байна, энэ удаа хойшлуулахаас өөр арга алга, ОУВС ингэж зөвлөлөө” гэсэн утгатай үг унагаж  олныг гайхшируулав.

Монголбанкны ерөнхийлөгч AQR-ын тухай ганц ч үг ганхийхгүй явж байснаа гэнэтхэн яагаад ийм үг унагах болов, өчнөөн хүлээлт үүсгэсэн IPO-г хойшлуулах сонирхол яг хэнд байна, ОУВС ямар эрх ашгийн үүднээс  ийм зөвлөгөө өгөв, ингэж зөвлөх шалтгааныг нь хэн ивчхэв, ганц эзэнтэй хаан заан болсон банкуудын хувьцааг олон нийтэд арилжаалах боломж хэнд таалагдахгүй байгаа юм бол, хоёр жил дараалсан их хямралаас болж халаас нь нимгэрч туйлдсан дундаж давхаргаа сэргээх шийдлийг салхинд хийсгэх хүсэл хэнд ашигтай вэ гэх мэт асуулт шил дарж байна.

Ерэн оны хувьчлалын алдааг засах том боломж бол банкны IPO

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон нөлөө бүхий банкуудын IPO-г хойшлуулах асуудалд толгой дохичихсон. Одоо чуулганаар хэлэлцээд  дэмжчихвэл банкуудын IPO хойшилно гэсэн үг. Байнгын хорооны хурлын үеэр Б.Баттөмөр гишүүн “Хаан банк хоёр хүний л өмч, Худалдаа хөгжлийн банк нэг хүний өмч, Голомт банк нэг хүний өмч.  Монголд эргэлддэг мөнгөний  80 гаруй хувь нь энэ гурван банкаар дамждаг. Хувь хүнд эдийн засгаа даатгасан ийм улс Монголоос өөр байна уу. Монгол Улсын хөгжлийн гажуудал банкуудын хууль бус үйлдэлтэй шууд  холбоотой. Мөнгө яг хүрэх ёстой газартаа хүрэхгүй зөвхөн ашигтай газраа эргэлдээд байна. Тиймээс IPO гаргах нь чухал ач холбогдолтой. Банкуудын өөрийн хөрөнгө дутагдалтай, зээлийн хүү өндөр учраас  төрийн бодлого банкуудын хувь эзэмшлийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. 30 жил 1-2 хүний өмч болох том банкууд монополи хийсэн. Банкууд хууль бус үйл ажиллагаанд ихээр оролцож байна. Хугацааг нь хойшлуулах ямар шалтгаан байна вэ” гэнэ лээ.

Үнэнд ойрхон, эрүүл зөв байр суурь. Алдаатай, хуудуутай, нийт олонд биш нэг хэсэг цөөн хүнд л ашиг өгөөж өгсөн ерэн оны хувьчлалыг засах хамгийн том алхмыг хойшлуулах бодитой том шалтгаан өнөөхөндөө лав алга.

Банкны хуучин эзэд үү, эсвэл улстөрчид үү?

ОУВС эдийн засаг чинь хэцүү байгаа учраас өнөөхөндөө IPO хийх шаардлагагүй гэсэн зөвлөгөө өгчихсөн суугаа. Харин ч яг ийм хэцүү цагт өндөр ашигтай, ямар ч эрсдэлгүй банк гэдэг том бизнесийн өгөөжийг олноороо хүртэх шиг зөв шийдэл байхгүй. IPO хийвэл банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэнэ, тэр хэрээр эдийн засаг тэлнэ, хамгийн чухал нь Д.Эрдэнэбилэг, Ц.Баатарсайхан, Д.Баясгалангийн халаасанд ордог мөнгө иргэдийн хэтэвчийг зузаалж эхэлнэ. Энгийнээр ухахад л ийм логик ургаж байна. Банк гэсэн ашигтай бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлийн лангуун дээр тавьчихвал ганц гэр бүл бүх ашгийг нь иддэг монополи компаниуд ч энэ зах зээл рүү орж ирж, топ компаниудын өгөөжийг улсаараа хувааж хүртэх боломж огцом өснө гэсэн олзуурхал бий.

Товчхондоо иргэдийнхээ мөнгөжих, орлоготой амьдрах боломжийг ингэж булаамааргүй байна. Хэрвээ УИХ IPO-г хойшлуулах шийдвэр гаргавал банканд хөрөнгө оруулна гэж хэдэн зуун тэрбум төгрөг бэлдсэн хүмүүсийн итгэл рүү нулимж байгаагаас ялгаагүй хэрэг болно.

Нэгэнт алдарсан итгэл хөрөнгийн зах зээлд том цохилт болох нь ч тов тодорхой үнэн. Дахиад онцлоход банк гэх хамгийн сайн зэрэглэлийн хувьцааг авна гэдэг иргэдийн хувьд маш том боломж.

IPO хийх банк, худалдан авах иргэд нь бэлэн байхад яагаад гацаана гэж?

Хууль батлагдсаны дараа банкууд IPO-доо бэлдэж эхэлсэн, аудит, үнэлгээ хийлгэх гэх мэт бэлтгэл ажилд нэг банкнаас гэхэд л хоёр тэрбум төгрөг зарлагадсан, банкны IPO-гийн сургаар хөрөнгийн зах зээл дэх тоглогчдын идэвх огцом сэргэсэн, нэг ёсондоо зарах бараа нь бэлэн, авах эзэд нь мөнгөө атгаад хүлээж суугаа ийм үед IPO хойшлуулах асуудлыг гэнэт сөхсөн нь олон эрсдэл дагуулахаар байна. Наад захын сөрөг нөлөө гэхэд л арай гэж сэргэж яваа хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хойш татах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой зүйл.

Гаргасан шийдвэрээ үгүйсгэдэг, шийдвэрээсээ буцах нь гэм биш зан болчихсон УИХ, Засгийн газар ахиад ямар ч шийдвэр гаргаж паниктуулж магадгүй, IPO хийх шийдлээсээ ч ухарч мэднэ гэсэн болгоомжлол хөрөнгийн захынханд төрчихвөл яах вэ? Хариулт нь их энгийн. Мөнгөө хөрөнгийн зах руу оруулахаа больё, банкандаа хадгалаад суух нь зөв юм байна гэсэн хандлагатай хүмүүсийн тоо олширно. Ингэх нь хэдхэн хүнд ашигтай. Банкны эзэн, банканд хэдэн тэрбумын хадгаламжтай улстөрчдийн хэтэвч л зузаарна. Жирийн иргэдийн халаасан дах цөөн төгрөгийн үнэ цэн жил ирэх тусам унаж, яг өнөөдрийн өнгө янзаараа гундуухан аж төрцгөөнө. Жилийн хорин хувийн өгөөж хүртэх иргэдийнхээ хүсэлд тээг тавьсан УИХ, Засгийн газар ирэх сонгуулиар хангалттай оноо авч чадахгүй гэсэн сөрөг тал бас бий. Нэг хүн ганц банкийг удирдаж хэрхэн  хөрөнгөжсөнийг гайхан шогширч, монополичлолтой тэмцэнэ, ганцаараа биш  олноороо баяжихад анхаарна гэж мэдэгдэж суугаа засгийн хувьд ярьснаа хэрэгжүүлэх боломж яг одоо ирээд байна. Зүй нь Ерөнхий сайд яг өдийд банк гэдэг ашигтай бизнесийн өгөөжийг иргэддээ хүртээх ажлаасаа ухрахгүй гэсэн утгатай мэдэгдэл хийвэл илүү гоё, илүү эрүүл, илүү зөв харагдана.

Эргэж буцсан парламент ба эдийн засгийн мэдлэггүй гишүүдийн балаг

Хууль гаргачхаад өнөөхөө үгүйсгэсэн шийдвэр гаргадаг хандлага УИХ-ын хувьд зуршил шахуу болчихсон нь нууц биш. Наад захын жишээ гэхэд стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль байна. Энэ хуулийн дараа гадаадын хөрөнгө оруулалт байхгүй шахуу болж, бантсан парламент сүүлдээ өнөө хуулиасаа буцаж байв. За тэгээд гэнэтийн ашгийн татвар гэх мэт эргэж буцсан хуулиудыг жагсаавал барагдахгүй. Энэ хуулиудын балаг нь эдийн засгийн хямрал уналтаар хэмжигддэг ч ашиггүй хууль санаачилж баталсан гишүүд ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг.

Банкуудын IPO-г хойшлуулах шийдвэр эдийн засагт яг ийм сөрөг нөлөө үзүүлнэ. Түрүүн хэлсэнчлэн банкны эзэд, тэрбумын хадгаламжтай улстөрчдөд л ашигтай тусах шийдэл.

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд нэг сул тал их тод анзаарагддаг. Хэлэлцэж яваа асуудлаа нухацтай судалдаггүй, эдийн засгийн наад захын ойлголт сул хэрнээ мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүй хэдэн нөхөр эдийн засгийн шийдвэр гаргаад суух нь эдийн засагт хор болоод байна л даа. Төдийгөөс өдий хүртэл хөгжиж өгдөггүйн гол шалтгаан маань ерөөсөө л энэ.

Ашиг сонирхол нийлсэн л бол ямар ч хортой шийдвэр дээр кноп дардаг гишүүдийн балаг өнөөдөр банкны IPO-г хойшлуулах асуудлаар үргэлжилж байна.

Төрийн банкинд “но” байна уу?

Банкны IPO-г хойшлуулах сонирхол хэнд байна вэ, ямар учраас яаран сандран ийм шийдвэр гаргах гээд унав гэсэн асуултад хариу хайх гээд үзье. Хардах эхний өнцөг бол Төрийн банк. Хөгжлийн банк шиг завхрал Төрийн банкны дотоодод байгаа юм биш биз. ЖДҮ-ийн зээлийг нь хүртэл иргэдээсээ булаагаад авчихдаг улстөрчидтэй орны хувьд төрд данстай банканд нь ямар ч “но” байж мэднэ. Дараагийн хардах өнцөг бол банкны эзэд. Зарим банкны эздийн лобби УИХ-ын шийдвэр болж гарах гэж байна гэвэл би л хувьдаа эргэлзэхгүй. Сахал Эрдэнэбилэгийн банкны хувьцааг эзэмшиж, шимтгэл нь хэрээс хэтэрчихлээ гэж шүүмжилдэг ХААН банкны эздийн нэг болж, зээлийн хүү өндөр гэж гомдоллодог банкнуудаасаа жил бүр ногдол ашиг авсан шигээ аж төрөх иргэдийнхээ боломжийг цөөн хүний лобби нөлөөгөөр шийдэхгүй байх гэсэн найдлага хөрөнгийн зах зээлийнхэнд байна. Монголын топ арван бизнес эрхлэгчийг нэрлэ гэвэл банкуудын эздийн нэр жирийгээд гараад ирнэ. Ийм ашигтай бизнес рүү орох эрхийг иргэддээ өгөх шийдлээс татгалзах ямар ч шалтгаан харагдахгүй байгааг ахиад онцолъё.

Валютын сан бурхан биш

ОУВС зөвлөөд байхад яалтай билээ гэсэн утгатай тайлбар хөвөрч байна л даа, сүүлийн хэдэн өдөр. Яг нарийндаа ОУВС өөрийн гэсэн ашиг, сонирхол, амбицтай жирийн нэг институц. Нэг эдийн засагчийн “Манайхан гаднын байгууллага гэхээр л өндөг шиг өөгүй сайхан гээд харчих юм. Үнэн хэрэгтээ тийм биш шүү дээ. Гадаадын байгууллагад нэг сул тал бий. Монголын эдийн засгийг гүнээс нь мэдэрдэггүй. Цөөн хэдэн улстөрч, харилцдаг төрийн байгууллагуудынхаа үг, тайлбарыг сонсож гүехэн хараад амьдралаас хол зөвлөмж өгөөд яваа анзаарагддаг” гэсэн үг санаанаас гардаггүй юм. Эдийн засаг хямрах үед амь тариа хүсэх маягаар харилцдаг ОУВС-гийн энэ удаагийн зөвлөмж яг ийм шалтгаанаар гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Ашиг сонирхолтой хэн нэг албан тушаалтны танилцуулга мэдээллийг сонсоод ийм зөвлөмж өгсөн бол яах вэ. Шууд үгүйсгэх аргагүй өнцөг.

Товчхондоо гаднын байгууллага зөвлөсөн гэхээр л бурхан мэт тахиж шүтмээргүй байна. Тэд бурхан ч биш, бас чөтгөр ч биш. Тэдний зөвлөсөн бүхэн нь байгаа онодог бол өдийд дэлхийн маш олон улс хөгжлөөрөө цойлчихсон явах байсан биз. Нэг үгээр хэлбэл  олон улсын байгууллагуудын зөвлөмжийг эрүүлээр харж сурах шаардлага улстөрчдийн өмнө ирчихжээ л гэмээр байна. Том зургаар нь ингэж хараад дүгнэхэд энэ бүхний цаана улсын эрх ашиг биш ямар нэгэн банкны эзэн, эсвэл хэн нэг улстөрчийн явуулга байх шиг. Цөөн хүн, эсвэл эрх ашгаараа нэгдсэн улс төр эдийн засгийн нэг бүлэглэл ОУВС-гийн нэрийг урдаа барьж хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж буй явдал мэт харагдаад байна. Мэдээж зарим нэг банкны эзэд  ашгаасаа олон нийтэд хуваалцах сонирхолгүй суугаа нь ойлгомжтой. Энэ шийдвэр нэр бүхий улс төрчдөд унац авчирч байгааг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ хааяа ч гэсэн хувийн ашиг сонирхлоо түр орхиод улсынхаа төлөө, хөгжлийн төлөө, иргэдээ орлогожуулахын төлөө  нэг алхам хийж яагаад болохгүй гэж? Ийм асуултыг улстөрчдөд тавимаар байна.

Зураг