"Далан давхрын оршуулгын газарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн ажил дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ"
Нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл руу шилжиж, “жижигхэн” хотдоо багтаж ядан амьдарч буй нийслэлчүүдэд тулгамдаж буй маш олон асуудал бий. Эдний нэг нь яах аргагүй оршуулгын газрын хүрэлцээ болон зан үйлтэй холбоотой хүндрэлүүд юм.
Анх Улаанбаатар хот хамгийн ихдээ 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн гэдэг ч өдгөө Монгол Улсын бараг тал хувь нь оршин суух болж, гэр хороолол зарим хэсгээрээ оршуулгын газартайгаа зэрэгцээ оршиж байна.
Уг нь гаднын орнуудад хот дотроо оршуулгын газар байх тохиолдол байдаг ч цэцэрлэгжүүлэлт хийж байнгын харуул хамгаалалтай байдаг. Харин манай оршуулгын газрууд цэцэрлэгжүүлэлт байтугай битүү хашаа ч үгүй олон жилийн ардаа үдэв...
Иймд одоогийн Улаанбаатар хотын нөхцөлд чандарлах нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд онцлон тайлбарладаг.
Мөн олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК, “Улаанбаатар буян" компанитай хамтран хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон тухай мэдээлсэн.
"Чандарлан оршоох зан үйлд мод, хайрцаг зэргийг ашигладаггүйгээс эхлээд байгаль, экологид ээлтэй тал олон"
Дээрх асуудлуудтай холбоотойгоор "Улаанбаатар буян" компанийн олон нийттэй харилцах менежер Н.Түвшинбаяртай ярилцлаа.
- Танай байгууллага 18 орчим жил чандарлан оршоох зан үйл хийж ирсний хувьд, тухайн зан үйл нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх талаар ярихгүй юу?
- Улаанбаатар буян компанийн чандарлан оршоох үйлчилгээ 2004 онд анх үүсгэн байгуулагдсан.
Бид тухайн үеийн шинэ техник технологийн хөгжилд тулгуурлан энэ үйлчилгээг нэвтрүүлж байсан нь өнөөдөр Улаанбаатар хотод хамгийн хямд өртөгтэй бөгөөд байгаль экологид ээлтэй буяны үйлчилгээний нэг болоод буй.
Байгальд ээлтэй гэж байгаагийн шалтгаан нь, нас барсан хүнийг далд хэлбэрээр оршуулсны дараа тухайн хөрсөнд 60 жилийн хугацаанд задардаг гэх судалгаа байдаг. Ингэхдээ эхний 3-4 жилд зөөлөн эдүүдэд задрал явагддаг бол сүүлийн 40-50 жилд ясны бүтцүүдэд задрал явагддаг гэж үздэг. Энэ нь тэр хугацаанд хөрсөндөө шингэхгүй уддаг гэсэн үг. Харин чандарлан оршоох үйлчилгээний хувьд, хөрсний бохирдлоос сэргийлэх болоод өөр олон төрлийн ач холбогдолтой.
Тухайлбал, дээрх хугацаанд зөвхөн манай байгууллага гэхэд л нийт 60 га газрыг хэмнэсэн байна. 60 га гэдэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Алтан Өлгийн оршуулгын газрыг 10 дахин нийлүүлсэнтэй тэнцэхүйц талбай юм.
Өөрөөр хэлбэл, чандарлан оршоох үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш нийт 1,600 орчим айлын зуслангийн газартай дүйцэхүйц хэмжээний газрыг оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдахаас бүрэн сэргийлсэн байна.
Мөн чандарлан оршоох зан үйл нь далд оршоох зан үйлд ашиглагддаг мод, хайрцаг зэргийг хэмнэдэг. Тэр утгаараа байгаль, экологид ээлтэй хэмээн үзэж буй юм.
Үүнээс дурдвал, Монголд Улс чандарлан оршоох үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш нийт 60,000 ширхэг ургаа модыг оршуулгын хайрцаг болохоос сэргийлсэн.
Түүнээс гадна бурхан болоочийг далд оршооход хөшөө чулуу дэрлүүлдэг. Тэгвэл чандарлах зан үйлийг нэвтрүүлснээс хойш 7,000 тонн буюу гурван Зайсан толгойтой дүйцэхүйц хэмжээтэй байгалийн чулууг далд оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдахаас сэргийлж, байгальд нь хадгалж үлдсэн байна.
- Улаанбаатар буян компанийн хувьд зөвхөн чандарлан оршоох үйлчилгээ үзүүлдэг ойлгосон. Зөв үү?
- Тийм ээ. Чандарлан оршоох зан үйл бол бурхан болоочийг нутагшуулах 21 дүгээр зууны хамгийн тохиромжтой хэлбэр учраас манай байгууллага зөвхөн энэ үйлчилгээг үзүүлдэг.
Монголчууд бид нүүдэлчний соёлоос суурьшмал иргэншилд нэгэнт шилжсэн.
Ер нь Улаанбаатар тойрсон зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 20 гаруй далд оршуулгын газар нь магадгүй нийслэл хот тэлж чадахгүй байгаатай холбоотой байж болох юм гэж бодож байна.
"Цар тахлын улмаас чандарлан оршоох үйлчилгээ авсан хүний тоо 2021 онд Улаанбаатар хотод 10 орчим хувиар нэмэгдсэн"
- Цар тахлын улмаас дэлхий дахинаа нас баралт нэмэгдсэн. Ер нь халдварт өвчний үед нас барсан хүнийг битүү уутанд хийж оршоох эсвэл чандарлан оршоох ёстой гэж мөн мэргэжлийн байгууллага үздэг. Энэ талаар ярихгүй юу?
- Манай улсад COVID-19 халдварын эндэгдэл 2020 оны гуравдугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд тухайн үеэс УОК, Эрүүл мэндийн яамнаас халдвар аваад нас барсан тохиолдолд заавал чандарлан оршуулах чиглэл ирсэн.
Ингэхдээ хэрэв бурхан болооч галд харш буюу чандарлан оршоож боломжгүй бол тухайн дүүргүүдийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, далд оршуулгын хэлбэрээр хөрсөнд нутаглуулж байв. Дийлэнх тохиолдол нь чандарлан оршоох зан үйлээр нутаглуулсан.
Цар тахлын өмнө Улаанбаатар хотод жил бүр бүртгэгддэг 7,500 орчим нас баралтын 20 гаруй хувь нь Улаанбаатар буян компанийн чандарлан оршоох үйлчилгээ авч байсан бол энэ тоо 2021 онд 30 гаруй хувьд хүрч нэмэгдсэн.
Үнэ хөлсний хувьд чандарлан оршоох үйлчилгээ нь далд оршоох үйлчилгээнээс 30-40 хувийн хямд өртөгтэй.
Ер нь халдварт өвчтэй, олон удаа химийн эмчилгээ хийлгэсэн бурхан болоочийг хөрсөнд нутаглуулж байна. Энэ нь эргээд 20-30 жил хөрсөө бохирдуулж байдаг. Гэтэл Далан давхрын оршуулгын газар нийслэлчүүд бидний мах, хүнсний хэрэглээгээ хангадаг зарим захын салхи дээр байрлалтай.
2021 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүчит шонхор зах дээр л 80 арчдас аваад шинжилгээ явуулахад хоёр төрлийн гэдэсний бактери илэрсэн. Үүнд далд оршуулгын газрын замбараагүй байдал, хөрсний бохирдол зэрэг нь нөлөөлж байж магадгүй гэж бид үзэж байгаа.
Сүүлийн үеийн залуус ч байгальд ээлтэй гэдэг утгаар чандарлан оршоох зан үйлийг илүү дэмжих болсон байна.
- Хамгийн хямд өртөгтэй гэж Та хэллээ. Ер нь бурхан болоочийг чандарлан оршоох ямар үнэтэй байдаг юм бэ?
- Үнэ хөлсний хувьд чандарлан оршоох үйлчилгээ нь далд оршоох үйлчилгээнээс 30-40 хувийн хямд өртөгтэй.
Тодруулбал, хэрвээ бурхан болооч 36 буюу түүнээс дээш сар нийгмийн даатгал төлж байсан бол оршуулгын тэтгэмж болгож улсаас нэг сая төгрөг олгодог. Манай байгууллага түүний жишгээр буюу 980,000 төгрөгөөр чандарлан оршоох эко үйлчилгээг санал болгож байгаа.
Чандарлан оршоох үйлчилгээнд бурхан болоочийг тээвэрлэх, салах ёслолын танхимын үйлчилгээ, шашны зан үйл, чандарлах, чандрыг хадгалах зэрэг эхнээсээ дуустал бүх үйлчилгээ нь багтдаг гэж ойлгож болно.
Мөн чандрыг хадгалах үнийн хувьд харилцан адилгүй бөгөөд ар гэрийнх нь өөрсдийнх нь сонголтоор үйлчилгээ үзүүлдэг.
- Чандрыг хадгалах үйлчилгээний тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?
- Бурхан болоочийн чандрыг олон янзаар хадгалах боломжтой бөгөөд тухайн үйлчлүүлэгчдийн сонголтоос шалтгаалдаг. Тухайлбал, тухайн айл манайхаас ямар нэг үйлчилгээг авахаа өөрсдөө сонгоод, үнэ хөлсийг түүгээр нь бодуулах боломжтой гэсэн үг.
Ер нь чандрыг зөвшөөрөлтэй оршуулгын газар залах хүсэлтэй байгаа бол суваргад эсвэл хүндэтгэлийн хананд болон хөрсөнд юм уу, тойрог модны хөрсөнд гэх мэтчилэн 8-10 хэлбэрээр залж болдог.
Модны хөрсөнд залах гэдэг нь хөшөө чулууны оронд 1.8 метрийн өндөртэй гацуур модны хөрсөнд зална гэсэн үг бөгөөд модыг цаашид арчилж тордоод явах боломжтой. Энэ нь хорвоод дахиад нэг амь бүтээж байгаагийн илрэл гэж ойлгож болно. Сүүлийн үед чандрыг модны хөрсөнд залах үйлчилгээг иргэд их авах болсон.
Гэхдээ чандрыг заавал дээрх хэлбэрүүдийн аль нэгээр залах албагүй бөгөөд ар гэрийнхэн нь хүсвэл чандрыг авч яваад нутагт нь өргөх, нутгийнх нь хөрсөнд залах боломжтой гэдгийг онцолъё.
Жишээ дурдахад, одоо Далан давхрын оршуулгын газраас буцаан гаргалтын үйлчилгээ авах хүсэлтэй иргэд цөөнгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, тус газар өмнө нь далд оршуулгын зан үйлээр нутаглуулсан бурхан болоочийгоо буцаан гаргаад чандарлаж, нутаг хошуунд нь аваачин залах тохиолдол олон гарч буй.
- Тэгвэл шарилын нүүлгэн шилжүүлж, чандарлах зан үйлийг Улаанбаатар буян компани хийдэг үү?
- Зөвшөөрөлтэй оршуулгын газар нутаглуулсан иргэдийн шарилыг манай байгууллага хоёр дахь жилдээ нүүлгэн шилжүүлээд чандарлах зан үйл үйлдэж байна. Чандрыг хүндэтгэлийн суваргад залсан.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилсан уг ажлын хүрээнд Улаанбаатар буян компани
- 2020 онд Гүнт орчимд байрлах хэсэг оршуулгын газар, Найрамдал зуслан орчим байрлах шарилууд, СХД-ийн Шүлэг уулын энгэр дэх 100 орчим шарилыг нүүлгэн шилжүүлж, чандарласан.
- 2021 онд Шувуун фабрик, Ламын энгэр зэрэг газруудад байрлах 106 шарилыг нүүлгэн шилжүүлээд чандарлах зан үйлийг гүйцэтгэсэн байна.
"4 сарын 15-наас 6 сарын 1-н хүртэл төслийн талбайд орсон бурхан болоочдын ар гэрийг байлцуулж талбайг чөлөөлнө"
- Мөн танай компани Далан давхрын оршуулгын газрын цэцэрлэгт хүрээлэн болгоход хамтран ажиллаж байгаа юм билээ. Тус төслийн талаар мэдээлэл өгч болох уу?
- Бололгүй яах вэ. Далан давхрын оршуулгын газар нь нийт 73.9 га талбайн хэмжээтэй. Үүнээс төвийн хэсгийн байршлын 10 га талбайд "Нью семетри" ХХК болон Улаанбаатар буян компани, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлж буй.
Харин манай компани тухайн бурхан болоочдын шарилыг чандарлах үйлийг хариуцаж байгаа бол шарилыг хөндөх үеийн шашны зан үйл зэргийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хариуцаж ажиллана.
Төсөл хэрэгжүүлэх 10 га талбайд бид 2021 оны дөрөвдүгээр сард тооллого хийхэд нийт 10,934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5,291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5,643 нь тодорхой эзэнгүй, хаягдсан байв.
Уг нь түүнээс өмнө 2015 онд биднийг тухайн газарт тооллого хийхэд 30 орчим хувь нь л тодорхой эзэн хаяггүй байсан юм. Гэвч таван жилийн дараа тодорхой эзэнгүй булшны тоо 20 орчим хувиар нэмэгдсэн байсныг энд дурдах нь зүйтэй. Учир нь далд оршуулгын хөшөө, чулуу удах тусам бурхан болоочдын мэдээлэл арилж, тодорхойгүй болдгийг энэ жишээ харуулж байна.
Тус газарт төсөл хэрэгжихийг дуулаад бидэн рүү бурхан болоочийнхоо шарилыг олохгүй бидэн рүү холбогдож байгаа маш олон хүн бий.
- Ойр хавьд нь амьдардаг иргэдийн хувьд уг төслийг дэмжиж байгаа юу?
- Төсөл хэрэгжүүлэх талаар өнгөрсөн онд хоёр төрлийн судалгаа явуулахад иргэдийн дийлэнх нь дэмжсэн байсан. Мөн тус судалгаагаар Далан давхрын оршуулгын газрын ойр орчимд амьдардаг 1,000 гаруй иргэний 93.1 хувь дэмжсэн. Өөрөөр хэлбэл энэ нь нийгэмд нэлээд хүлээлт үүсгээд байгаа төсөл гэж харж байна.
Энэхүү төслийн талбайд орсон нэрс нь тодорхой байгаа булшнуудын тухайд www.sambalkhundev.mn сайтад мэдээллийг санг бүрдүүлсэн. Тиймээс хэрэв цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн хэсэгт ойр, дотнын хүнээ оршуулсан бол 7210-0101 лавлах дугаар, www.sambalkhundev.mn сайтад хандан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Мөн тус сайтын хайлтын хэсгээс чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой шарилын талаарх мэдээллийг шүүх боломжтой юм.
- Төсөл 2023 онд дуусна гэсэн. Ямар үе шаттайгаар хэрэгжих вэ?
- Бид ирэх дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл төслийн талбайд орсон бурхан болоочдыг өөрсдийнх ар гэрийг байлгаж байгаад талбайг чөлөөлнө. Ар гэр нь тодорхой гарч ирээгүй тохиолдолд зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл нийтээр нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хийж дуусгах юм.
Түүнээс хойш хөрсийг ариутган халдваргүйжүүлээд нэг жилийн хугацаанд амрааж, улмаар 2023 онд цэцэрлэгт хүрээлэнг байгуулан тэнд өмнө нь бурхан болоочдын чандрыг залах юм.
Тэр болтол бурхан болоочдын шарилыг чандарлаад Улаанбаатар буян компанийн хоёр цогцолборт түр хадгална гэсэн үг.
Нэм хэлэхэд, иргэдийн дунд төслийн талбайд байгаа бурхан болоочдын шарилыг гаргаад, дээр нь дахиад оршуулга үйлдэх гээд байгаа мэт буруу ойлголт байна. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
Тус талбайд Оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв буюу оршуулах үйлчилгээний дагалдах үйлчилгээнүүд явагдах бөгөөд хууль эрх зүйн зөвлөгөө, салах ёслолын танхим, сэтгэл зүйн зөвлөгөө, моргийн үйл ажиллагаа ч байх юм.
Тодруулбал, төслийн хүрээнд тохижилт хийгдэх 10 га талбайн
- хоёр га талбайд хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн,
- нэг га талбайд шүүх эмнэлгийн зориулалтаар моргийн үйл ажиллагаа явуулна,
- үлдсэн долоон га талбайд нь Оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв байхаар төлөвлөж байгаа.
"Шарилыг чандарлахад агаар мандалд ямар ч хорт хий, хаягдал гаргадаггүй"
- Зарим иргэний хувьд чандарлах зан үйл агаарын бохирдол үүсгэдэг гэж ойлгодог. Үүнд тайлбар хэлэхгүй юу?
- Бид чандарлах зан үйлд Европын стандартад нийцсэн зуухыг ашигладаг. Энэ нь зуух нь тусгай шүүлтүүртэй тул агаар мандалд ямар ч хорт хий, хаягдал гаргадаггүй бөгөөд Монгол Улсын MNS:5606 стандартын шаардлагыг бүрэн хангасан. Одоогоор нийт долоон зуухтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Бид 2017 онд техникийн шинэчлэл хийгээд улам сайжруулсан. Өөрөөр хэлбэл, чандарлах зан үйл агаар бохирдуулдаг гэдэг нь үнэхээр ташаа ойлголт гэдгийг хэлье.
Мөн чандарлах зуух нь 800-1,000 градусын цельст шарилыг чандарлахад бөгөөд ийм цельст шарил цаг орчим болоход ямар нэг үлдэц үлдэхгүй.
Эцэст нь хэлэхэд, иргэд бурхан болоочийгоо нутаглуулах газрыг маш сайн судалж мэдэх хэрэгтэй. Бурхан болоочийг нутаглуулах газар нь зөвшөөрөлтэй эсэх болоод тус газарт орон нутгаас ямар үйл ажиллагаа явуулдаг зэргийн маш сайн судлах нь зүйтэй.
Энэ төрлийн мэдлэг, мэдээлэлгүйгээс болж иргэд сэтгэлээрээ болон санхүүгээрээ хохирох тохиолдол гарч болзошгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд энэ төрлийн мэдлэг мэдээлэлтэй байж оршуулгын үйлчилгээг авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






