Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ноолууран хувцсаа арчлах 7 алхам

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 20
Сурталчилгаа

Урин дулаан улирал харьж, хүйтний ам наашилж байна. Хүйтний улиралд ноолууран хувцас дулаахан, биед эвтэй байдаг  ч арчилгаа хамгийн их шаарддаг тул маш болгоомжтой, зориулалтын дагуу арчилж, өмсөх шаардлагатай.

Энэ нийтлэлээр та бүхэнд ноолууран бүтээгдэхүүн яагаад тусгай арчилгаа шаарддаг болон хэрхэн цоо шинээр нь байлгаж арчлах талаарх иж бүрэн зөвлөгөөг хүргэж байна. Ноолууран бүтээгдэхүүнийг гараар болон угаалгын машинаар, хуурай хими цэвэрлэгээгээр арчилж болдог.

 

Яагаад ноолууран материал арчилгаа их шаарддаг вэ?

Ноолуур нь байгалийн гаралтай дэлхий дээрх хамгийн нарийн, тансаг ширхэгтүүдийн нэг билээ. Ноолуураар хийгдсэн хувцас нарийн арчилгаа шаарддаг хэдий ч урт удаан хугацаагаар элэгддэггүй. Сайн арчлагдсан ноолуур угаах бүрд улам зөөлхөн улам тансаг болдог.

Дараах зөвлөгөөний дагуу арчлахад таны ноолууран бүтээгдэхүүн зөөлөн торгомсог чанараа удаан хугацаанд хадгалж чадна. Хамгийн гол нь, угаалгын нунтаг ноолууран хувцсыг түлж, агшиж сунах аюулд хүргэдэг бөгөөд ноолууран хувцсаа ноолуурын зориулалтын шампуниар угаахыг зөвлөж байна.

Хэрхэн угаах вэ?

Ноолууран бүтээгдэхүүнийг угааж, арчлахдаа аль болох угаалгын машин бус гараар угаах нь тохиромжтой. Учир нь угаалгын машинаар угаахад угаалгын нунтаг нь хувцсыг түлж, усны халуун температур нь таны хөвөн зөөлөн ноолууран утасны бүтэц, шинж чанарыг алдагдуулж, хатуу ширүүн болгодог. 

Бусад төрлийн материалаас ялгаатай нь ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх нь тохиромжтой байдаг.

1. Юун түрүүнд угаах хувцсаа ижил өнгөөр ялгаж, ноолууран утасны бөөгнөрөл үүссэн байвал цэвэрлэх хэрэгтэй.

 

2. Угааж цэвэрлэсэн саванд 300 хэмийн бүлээн усаар дүүргэж, ноос ноолууран эдлэл угаах зориулалтын шингэн саван эсвэл шампуниа сайтар уусгаж, хөөсрүүлнэ. Халуун ус ноолууран бүтээгдэхүүнийг агшааж, уян чанарыг алдагдуулдаг учир хүйтэн бүлээн усанд угаадгийг бүү мартаарай.

 

3. Угаах хувцсаа дотор талыг нь гадагш эргүүлээд бүлээн усанд 10 орчим минут байлгаж дэвтээн, үрж базахгүйгээр зөөлөн угаана.

 

4. Харин дараа нь савантай усаа асгаж, саваа бүлээн усаар дүүргэж, хувцасныхаа саванг сайтар зайлж, усыг зөөлөн шавхана.

 

Хэрхэн хатаах вэ?

5. Ноолууран хувцас амархан сунадаг тул аль нэг хэсгээс нь унжуулан барьж, сэгсэрч, хүчтэй мушгиж болохгүй. Харин мушгилгүйгээр дэлгэж тавьсан алчуур дээр өнхрүүлж, усыг нь шавхаж аваарай. 

6. Харин хатаахдаа өлгүүрт унжуулан өлгөх эсвэл хатаагчид тохож хэрхэвч болохгүй.  Иймд тэгш гадаргуу дээр хэмжээг алдагдуулахгүйгээр дэлгэж хатаасны дараа индүүгээ wool  горимд тохируулан эсвэл уураар жигнэж индүүдээрэй.

Хадгалалт

7. Ноолууран хувцасны эдэлгээг уртасгахад хадгалалт чухал нөлөөтэй байдаг. Тиймээс хувцсаа сунгах, хэлбэрийг алдагдуулахгүйн тулд эвхэж хадгалах шаардлагатай байдаг. Харин ноолууран хүрэм, пальтог тохиромжтой өлгүүрт өлгөх хэрэгтэй. Мөн цагаан эрвээхий, шавжаас хамгаалж цахилгаантай, амьсгалуулдаг зориулалтын уутанд хадгалах хэрэгтэй байдаг.

Түүнчлэн “Хуурай хими цэвэрлэгээ” шошготой хувцсыг гэрийн нөхцөлд угаах нь ноолууран материалын уян зөөлөн чанарыг алдагдуулж, өнгийг гандаадаг тул үүнээс сэргийлэхийн тулд зааврын дагуу арчилснаар эдэлгээг нь уртасгах боломжтой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.