Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын хөрөнгө оруулагчдын айдас: Хэт үндсэрхэг үзэл ба популизм

ikon.mn
2021 оны 11 сарын 2
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Европ Монголын хамтарсан Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын орчин: Саад бэрхшээл ба урагшлах зам” байр суурь илэрхийлсэн баримт бичгийг гаргажээ.

Эндээс тун сонирхолтой зарим зүйлсийг хүргэж байна.



Фэйсбүүкийн нэр бүхий группүүдээс үүдэлтэй үндсэрхэг үзлийг хэт дэврээсэн “тархи угаалт” 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн медиа маркетингаас эхтэй. Энэ нь даамжрахдаа сонгуулиас хальж, гадаадын хөрөнгө оруулалтын салбарт ч илтэд мэдрэгдэхээр болсон нь Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр болжээ.

Үүний тод илрэл нь саяхан УИХ-аар эхний хэлэлцүүлэгтээ ороод хэл амны бай болсон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл. “Хятадуудыг оруулах гэлээ”, “Монголыг сүйрүүлэх гэлээ” гэх мэт худал мэдээллүүдээр сошиалыг хөөсрүүлж, хуулийг өргөн барьсан гишүүдийн заримыг “Эх орноосоо урвагч” хэмээн цоллож, амь насыг нь бүрэлгэнэ хэмээн заналхийлсэн гэх. Энэ мэт байдал гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд “айдас хүйдэс”.

Иргэдийн дундах сошиал хөөсрөлт, хэт үндсэрхэг үзэл нь популист улстөрчдийн хувьд “амттай хоол” болж, тэд энэ сэдвээр хүссэн үедээ хооллож байна. Энэ талаар Европ Монголын хамтарсан Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан баримт бичигт “Гадаадын хөрөнгө оруулалтын талаарх ард түмний ойлголт сөрөг байна” хэмээн тодорхойлоод, дараах байдлаар өгүүлжээ:

“Ихэнх улс орнуудад хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлт, хамгийн сүүлийн үеийн технологи, нөү-хау-ыг авчирч, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлдэг учраас тэд ГШХО-ыг идэвхтэй хайж байдаг. Эдгээр ашиг тусыг ч мөн ихэнх оронд ард түмэн нь ойлгож, хүлээн зөвшөөрч байдаг.

Гэвч Монгол Улсын ихэнх хүн ам гадаадын хөрөнгө оруулалт ашигтай эсвэл ашиггүй эсэх талаар эргэлзсээр байна. Энэхүү будлиантай байдлын гол шалтгаан нь давтагдсан популист /байгалийн баялгаа хамгаалсан үндсэрхэг үзлээс (өнгөрсөн хэдэн сонгуулийн кампанит ажлын үр дүнгийн хэсэг/ болсон бөгөөд мөн Оюутолгойн асуудлаар Рио Тинто групптэй үргэлжилж буй маргаан хэтэрхий олон нийтэд нээлттэй байгаагийн уршиг юм” гэжээ.

Хэрхэн шийдвэрлэх вэ: Ажлын байр болон нийлүүлэлтийн гэрээний хэлбэрээр шууд ашиг харагдахгүй бол ямар ч ашиггүй хөрөнгө оруулалт гэх ойлголт байсаар байгаа учраас хөрөнгө оруулалтын шууд бус ашгийн (олон улсын болон дотоодын) тухай мэдээллийг ард түмэнд мэдээлэх шаардлагатай байна. Хүн амын нэлээд их хэсэг нь хөрөнгө оруулалтын шууд бус ашиг тусын талаар сайн ойлгодоггүй, эсвэл бүр огт ойлгодоггүй.

Үүнд зориулж ажил эрхлэлт, ур чадвараа дээшлүүлэх, шинэ технологи шилжүүлэх гэх мэт шууд бус ашиг тусыг ойлгоход нь туслах олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой кампанит ажлуудыг зохион байгуулж болно. Нэмж дурдахад ард иргэд хувь хүний хөрөнгө баялаг, ДНБ-ий өсөлтөд сайнаар нөлөөлөх гэх мэт нөлөө улсад нь үржиж үлддэгийг мэдэх хэрэгтэй. Иймэрхүү төрлийн хөрөнгө оруулалтаас болж олон орны эдийн засаг сайжирсан тухай жишээг харж болно.

ГШХО-ын тухай олон нийтийн ойлголтыг эерэг болгохгүй бол, гадаадын хөрөнгө оруулалт сонгууль болгоны халуун сэдэв байсаар байх болно. Иймэрхүү үйлдэл нь ихэвчлэн шинээр сонгогдсон Засгийн газрыг хуучин бодлогыг буцаах, олон том өөрчлөлт нэгэн зэрэг хийх, хөрөнгө оруулалтын тогтворгүй байдлыг үргэлжлүүлэхэд хүргэдэг.

Гадаадын хөрөнгө оруулагчдын айдас: Тогтворгүй улс төр 

Гадаадын хөрөнгө оруулалт дэлхийн улс орнуудын хувьд нэн өрсөлдөөнтэй салбар. Энд өрсөлдөхөд олон шалгуур хэрэгтэй байдгийн хамгийн том нь улс төрийн тогтвортой байдал. Энэ талаар:

“Сүүлийн жилүүдэд түүхий эдийн хамгийн дээд үнэ нь дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын өсөлтийг өдөөсөн орчинд Монголын уул уурхайн салбарын ГШХО-ын урсгал урам хугармаар бага байлаа. Жишээлбэл, уул уурхайн хөрөнгө оруулалтын хамгийн том хөрөнгийн бирж нь Канад улсын TSX болон TSXV. Энэ биржүүд дээр уул уурхайн компаниуд 2020 онд 7.5 тэрбум ам.доллар босгосон байна. Харин 2021 оны эхний зургаан сард л гэхэд 2020 оны ихэнх хөрөнгийг буюу 6 тэрбум ам.долларыг аль хэдийн босгосон байна. Австралийн хөрөнгийн бирж дээр 2017-2020 оны хооронд IPO хийх зорилгоор босгосон мөнгөний хэмжээ нь өмнөх дөрвөн жилд буюу 2012-2016 онд босгосон мөнгөнөөс 8.3 дахин их байв. Монгол Улс уул уурхайн энэ хөрөнгө оруулалтын өсөлтөөс ашиг хүртэхгүй үлдэх эрсдэлтэй” хэмээн баримт бичигт дурджээ.

Мөнгөн урсгал манай улсын дайрахгүй тойроод байгаа нэг шалтгаан нь манай улс хөнжил дотроо хөлөө жийлцээд хэтэрхий удаж байгаатай холбоотой. Сүүлийн арав гаруй жилийн улс төрийг харвал Ерөнхий сайд нь жил гаруйхны хугацаатайгаар солигддог, яам тамгын газар зэрэг төрийн байгууллагуудын дарга нар нь алга эргүүлэхийн хооронд өөрчлөгдөж, тэр бүрд бодлого, дүрэм журам нь шинэчлэгдэж байна.

Энэ бол хэтэвчин дэх мөнгөөрөө дэнчин тавин, хүний нутагт бизнес эрхлэх эрсдэлд толгойгоо дүрэхээр ажиглаж буй гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд мөн л айдас. Төрийн байгууллагын багийнхан өөрчлөгдөх бүрд ажлаа дахин эхлүүлэх, хэдэн удаа шинэчлэгдэх дүрэм журам бүхнийг дагах шаардлага, шинээр дарга ирэх бүрдээ илгээх шалгалтуудыг даван гарах зэрэг нь “мөнгө олох үндсэн ажлаа” хийх боломжгүйд хүргэдэг. Энэ талаар баримт бичигт:

Олон улсын компаниуд жижиг хөрөнгө оруулагчдаас илүү урт хугацааны хөрөнгө оруулалтад мэдрэг байдаг бөгөөд тогтвортой хөрөнгө оруулалтын орчингүйгээр хөрөнгө оруулагчид ирэхгүй, эсвэл ирсэн нэгэн нь явж чадахгүй. 2013-2014 онд Улаанбаатар хотод суурин оффистой байсан боловч орхиод явчихсан хэд хэдэн олон улсын компанийн жишээ байна. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдвал салбартаа дэлхийн тэргүүлэгч болох нөхөн сэргээгдэх эрчим хүчний Engie компанийн жишээ байна. Engie Монгол Улсад оффистой байсан бөгөөд олон төсөлд хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь тэдний хөрөнгө оруулсан анхны төсөлд учирсан зохицуулалт, бодлогын дарамт бэрхшээлээс болж тэд оффисоо хаахад хүрсэн” гэжээ.

Улс төрөөс болж байнга дэнжгэнэж, арав гаруй жил популистуудын амттай хоол болж буй нэг төсөл бол Оюутолгой. Энэ талаар баримт бичигт:

ЕвроТанхим нь Монгол улс, Рио Тинто хоёрын хооронд үүссэн маргааны талаар ямар ч ч санал бодол байхгүй ч гэлээ, энэ бол маш чухал асуудал тул үүнийг заавал дурдах ёстой. Монгол Улсын Засгийн газар дэлхийн уул уурхайн “том” компанитай удаан хугацааны турш маргаантай байгаа нь хоёр илэрхий үр дагавартай юм.:

i) Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны талаар сөрөг мессеж илгээж байна,

ii) Энэ нь мөн олон нийтийн гадаадын хөрөнгө оруулалтын талаарх ойлголтод сөргөөр нөлөөлж байна (дээр нарийвчлан дурдсанчлан). Үүний үр нөлөөгөөр олон нийтийн ихэнх хэсэг нь Оюутолгой (OT) төслийг Монголд ашиг тустай гэж үзэхгүй байна.

Монголын төр ОТ төслийн хувьд хоёр үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нэг нь зохицуулагч, хоёрдугаарт хувьцаа эзэмшигч юм. Засгийн газар үүнийг олон нийтэд тайлбарлаж, төр энэ хоёр үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх ёстой гэдгийг тайлбарлах ёстой байна.

Засгийн газар - зохицуулагчийн хувьд ОТ болон түүнтэй төстэй төслүүд нь дэлхийн аль ч улс оронд асар их ашиг тус авчирдаг гэдгийг тайлбарлах ёстой бөгөөд Монгол Улс цаашид хөгжих, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ирээдүйд тавьсан зорилго болох Алсын хараа 2050 зэргийг биелүүлэхийн тулд ийм төслүүд хэрэгтэй байна гэдгийг мөн тайлбарлах ёстой. Бидний мэдэж байгаагаар Засгийн газар ОТ төслийн Монгол Улсад өгөх томоохон ашиг тусын тухай олон нийтэд хүлээн зөвшөөрч буйгаа харуулаагүй бол уг төслийн талаар олон нийтэд эерэг мэдэгдэл ч бас хийгээгүй юм” гэжээ.

Хэрхэн шийдвэрлэх вэ: Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт маш чухал байгаа энэ үед улс төрийн тэргүүлэх намуудыг хоорондоо 4 жилийн сонгуулиас үл хамаарах “Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ” болох зарчмын гэрээ байгуулахыг бид санал болгож байна. “Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ” жишээ нь дараах зүйлс дээр тохиролцож болно.:

  1. Хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг сайжруулахтай холбоотой гол хууль тогтоомж санаачилгыг (жишээлбэл) 6 жил гэх мэт тодорхой урт хугацаанд өөрчлөхгүй байх;
  2. Оюутолгойн одоогийн хэлэлцүүлэг дууссаны дараа Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалт, түүний дотор стратегийн хөрөнгө оруулалтыг тусгаарлаж, мөнгийг хөрөнгө оруулсны дараа тогтвортой гэрээг өөрчлөхгүй, дахин хэлэлцэхгүй байх, мөн хөрөнгө оруулалтыг улс төрийн хөрөнгөд олон нийтийн өмнө зориулахгүй байх хэрэгтэй.

Нүүрээ угааж, "нөгөө хувцсаа" өмсөх цаг болжээ

Баримт бичигт дурдсанаар манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эх орондоо урьж, бизнес хийхэд нээлттэй, бусад өрсөлдөгч орноос илүү хөрөнгө оруулалтын орчин сайн гэсэн мессэж мэдээлэл гаргаагүй, олон нийтэд зарлаагүй ажээ.

Энэ мессежийг одоо тодорхойлж, 2022 он гэхэд олон нийтэд тасралтгүй зарлах цаг хэдийнээ болжээ. ЕвроТанхим энэ мессежийг боловсруулахад тусалж, ирээдүйн хөрөнгө оруулагчдын дунд түгээх ажлыг түлхүү дэмжиж ажиллахад их баяртай байх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Манай улс 2022 онд байдгаа барж, авдрынхаа ёроолыг ухах болсныг 2030 он хүртэл ашиглах ёсгүй хуулийн заалттай Ирээдүйн өв сангаа ирэх жилийн төсөвт ашиглахад хүрээд буйгаас харж болно. Мэдээж үүний зэрэгцээ Засгийн газрын тавьсан их хэмжээний өрийн эргэн төлөлт, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилт хангалтгүй зэрэг олон шалтгаан байгаа юм.

 

Эх сурвалж: mpress.mn