Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн захирлыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтгүй томилсон гэж багш, ажилчид нь эсэргүүцэв

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг 84 дүгээр сургуулийн фэйсбүүк хуудсаас авав.

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн багш, ажилчид удирдлагыг нь шинэчлэх асуудлыг хууль бус хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийллээ.

Тодруулбал, тус сургуулийн захирал С.Мартагийн тэтгэврийн нас болсон тул ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилох захирамжийг БЗД-ийн Засаг дарга гаргажээ. Ингэхдээ сонгон шалгаруулалтгүй шууд томилсон нь хууль бус үйлдэл гэж 84 дүгээр сургуулийн багш, ажилчид нь үзэж байгаа аж.

"Өдгөө 6,000 гаруй хүүхэд суралцдаг 84 дүгээр сургуульд 2006 оноос хойш захирлын үүрэг гүйцэтгэж буй С.Мартагийн хувьд тэтгэвэрт суух нас нь болсон ч нээлттэй сонгон шалгаруулалтаар удирдлагын тогтолцоог шинэчлэх ёстой" хэмээн багш нарын төлөөлөл ярьж байна.

"Хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж байж сургуулийн захирлыг томилох ёстой"

Энэ талаар багш нарын төлөөлөл "Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг халж солихыг төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол, шинжлэх ухааны яам мэдэж болно. Хуульд зааснаар дүүргээс томилгоо хийж болно.

Гэхдээ Боловсролын тухай хуулийн дагуу нийслэлийн Боловсролын газарт дүүргээс орон нутгаас тухайн захирлыг сонгон шалгаруулах хүсэлтийн илгээж, нийслэлийн Боловсролын газар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг дүүрэгт танилцуулсны үндсэн дээр томилдог. Үүнийг хуулийн дагуу хэрэгжүүлэхийг бид шаардаж байна.

Бидний зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад, манай сургуулийн захирлын шинээр томилох гэж байгаа бол нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан удирдлагыг багш ажилчдад танилцуулах ёстой гэсэн утга бүхий шаардлага хүргүүлсэн.

Үнэхээр манай сургуульд захирлын оронд түр орлон гүйцэтгэгч томилох шаардлагатай бол үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дотроос нь сонгох хэрэгтэй.

Мөн ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа С.Марта захирлын тайланг тавиулж, шинээр томилогдох гэж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг бидэнд танилцуулах ёстой. Бид өмнөх удирдлага юу, юу хийсэн болон дараагийн удирдлага юу хийх гэж байгааг мэдэх эрхтэй.

Түр томилгоотой ирсэн сэтгэлгүй хүмүүс эсвэл хамт олны сэтгэлд нийцээгүй удирдагчдын буруутай үйл ажиллагаанаас болж, боловсролын байгууллага өнөөдөр уналтад орж байгаа" хэмээн ярив.

"Захирамж хууль бус гэж үзэж байгаа бол дараа нь шүүхэд гомдол гаргах эрхтэй"

Харин Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын зүгээс "Энэ оны дөрөв болон наймдугаар сард С.Марта захиралд хөдөлмөрийн хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох нас нь болсон тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлөх гэж байгаа тухай хуулийн дагуу мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт ажлаас нь чөлөөлөх захирамж гарсан.

Тус сургуулийн захирал нэгэнт чөлөөлөгдсөн тул сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдах ёстой. Гэхдээ цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сонгон шалгаруулалт явуулахгүй боломжгүй байгаа тул ийнхүү сонгон шалгаруулалт хийлгүй “түр үүрэг гүйцэтгэгч”-ийг томилсон" гэдгийг хэлж байна.

Мөн "Үүрэг гүйцэтгэгч нь харин ямар шалгуур, шаардлагаар томилогдож байгааг танилцуулах нь нээлттэй. Гэхдээ ингэхийн тулд эхлээд Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай.

Хэрвээ энэ захирамж хууль бус гэж үзэж байгаа бол захирамжийн хэрэгжилт биелсний дараа шүүхэд гомдол гаргах эрхтэй" хэмээн тайлбарлав.