Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нялх багадаа Нирванагийн цомгийн нүүрэнд нүцгэн зургаа ашиглуулсан эр шүүхэд ханджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

1991 онд Нирвана хамтлагийн гаргасан “Nevermind” цомгийн нүүрэнд нялх эрэгтэй хүүхдийн нүцгэн зураг дүрслэгдсэн байдаг.

Тэгвэл энэхүү зурагны эзэн эрэгтэй уг цомгийг гаргасан студи, гэрэл зурагчин, Нирвана хамтлагийн амьд сэрүүн байгаа гишүүдийг шүүхэд өгч, өөрийг нь “бэлгийн мөлжлөгө”-д ашигласан гэж буруутгажээ.

“Nevermind” нь дэлхий даяар 30 гаруй сая хувь борлогдож, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомгуудын нэг болж байв.

Гэрэл зурагны эзэн, одоо 30 настай Спенсер Элден дээрх цомогт хамаатай бүх этгээдүүдээс тус бүр $150,000 нэхэмжилж, Калифорни мужийн шүүхэд ханджээ.

Үүнд Universal Music Group, гэрэл зурагчин Кирк Уэддл, Нирванагийн бөмбөрчин Дэйв Грол, басс гитарчин Крист Новоселич, гоцлол дуучин агсан Курт Кобэйны бэлэвсэн гэргий Кортни Лав нар багтсан байна.

Элдений эцэг гэрэл зурагчин Уэддлтэй найзууд байсан тул хүүгийнхээ зургийг ашиглуулсны төлөө ямар нэг төлбөр аваагүйг шүүхэд гаргасан гомдолд өгүүлжээ.

Үүнээс гадна зураг дээр хүүгийн бэлэг эрхтнийг нууцалж цомгийн нүүрэнд хэвлэхээр анх тохирсон ч дуучин агсан Кобэйн амлалтдаа хүрээгүйг дурдсан байна.

Элдентэй одоо болтол холбоотой байдаг гэрэл зурагчин Уэддл “Тухайн үед би энэ хүү 16 нас хүрээд намайг үзэн ядах боловуу гэж бодож байсан. Тэр тэгээгүй ч одоо зургийн талаар маргаан үүсгэж байна. Өөрөөс нь бусад бүх хүн энэ цомгоос мөнгө олсон гэж тэр барьцаж байгаа байх. Түүнд өөрийн хувийг нэхэх эрх бий гэж би бодож байна. Гэхдээ студиуд л цомгоос хамгийн их ашиг олдог шүү дээ” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters