Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Шалгалтын явцад зарим эмийн сан Арбидол эмийг 43,000 хүртэл төгрөгөөр зарж байсан

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-ийн эсрэг Арбидол эмийн үнийг зохиомлоор өсгөж байгаа гэх асуудалд ШӨХТГ шалгалт хийх талаар мэдээлсэн. Шалгалтын талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр "ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэгт эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих тухай байдаггүй. Энэ удаа КОВИД-той холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас ирсэн хүсэлтийн дагуу хамтарсан шалгалт хийлээ. Энэ үеэр Арбидол эм 6,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байгаагүй нь тогтоогдсон. УИХ-ын гишүүд ямар үндэслэлээр 6,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан мэдээлэл авсныг ойлгохгүй байна.

Цаашдаа эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газраас эмний үнийг тогтоож өгөх зайлшгүй шаардлагатай талаар тухайн байгууллагад албан тоот өгч байна.

Эм импортлогч компани болон эмийн сангуудад тухайн эмийн дээд үнийг тогтоож өгч байгаа учраас түүнээс дээш гаргахгүйгээр худалдаалахад манай байгууллагаас хяналтыг үргэлжлүүлэн хийнэ.

Ар-Үр, Мөнхийн тун гэдэг компанитай хамааралтай 700 гаруй сая төгрөгийн шилэн дансны мэдээлэл олон нийтэд ил болсон байсан. Үүнд хяналт шалгалт хийсэн. Ар-Үр компанийн хувьд 18,000 төгрөгөөр зах зээлд шууд нийлүүлэх боломжтойгоо албан ёсоор мэдэгдсэн байгаа.

КОВИД-19 цар тахлын улмаас эмнэлэг ачааллаа дийлэхгүйгээс гэртээ эмчилгээ авч байгаа иргэдийн тоо ихсэж байна. Үүнтэй холбогдуулан хяналт шалгалтын дүнг Шадар сайд болон ЭМЯ-нд хүргүүлж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын эмийн жагсаалтад вирусийн эсрэг эм ороогүй байгаа боловч багц гэж худалдаалагдаж байгаа төлбөр дүнтэй холбоотой асуудлыг ЭМД-д хамруулах саналыг хүргүүлээд байна.

Арбидол эмийн үйлдвэрийн үнэ буюу Монгол Улсад орж ирж байгаа үнэ 6,000 гэж байхгүй, түүнээс дээш байна.

Монос фармийн хувьд уг эмийг 20,000 төгрөгөөр оруулж ирээд өөрийн эмийн сангуудад 27,270 төгрөгөөр бусад эмийн сангуудад 31,000 төгрөгөөр нийлүүлж байгаа нь тогтоогдсон.

Арбидол эм гурван төрлийнх  байна. Арбивир, Арбидол гэдэг эм байна. Энэ хоёр нь нөгөө Арбидолоо бодвол харьцангуй хямд үнэтэй байдаг. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагууд дотор 43,000 төгрөг хүртэл үнээр зарж байгаа эмийн сангууд байна. Эдгээр эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах, лицензээр оруулж ирэх ААН-ийн жагсаалтаас хасуулах саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлж байна" гэсэн мэдээллийг өгөв.

Бусад эмийн тухайд Амоксиклав 625 мг, Цайр 20 мг, Витамин Д3-4000 тай, Витамин С 1000-тай, Виферон лааны хувьд хил, гаальтай холбоотойгоор тээврийн зардлаас хамаарч үнэ хэлбэлзэж, зарим үед тасарч байгаагаас үнэ хэвийн байна гэв.

Зураг
13 | 18 | 17 цаг