Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хариуцлагатай уул уурхайд тийм гэж хэлье

ikon.mn
2021 оны 6 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайг яагаад ашигладаг вэ?

Хөгжиж буй улс орны эдийн засгийн хамгийн суурь салбар нь уул уурхай. Хүн амын өсөлт, хотжилт, түүнийг дагасан бараа бүтээгдэхүүний хэрэглээ  эрдэс баялгийн бүтээгдэхүүний хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. Уул уурхайн салбараас гарч буй бүтээгдэхүүн бүр бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Улс орныхоо  эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь үндэстэн болгоны  туйлын хүсэл.  Ингээд харахаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай эрдэс баялгаа ашиглах уу үгүй юу  гэж маргаж талцаж суух биш хэрхэн хариуцлагатай үр өгөөжтэй ашиглах вэ гэсэн өнцгөөс хандах нь хамгийн зөв гарц. Уул уурхай гэдэг бол зөвхөн эрдэс баялгийг ухаж гаргах тухай ойлголт биш. Хайгуулаас эхлээд бүтээн байгуулах, олборлох, боловсруулах, хаалт зэрэг олон үе шаттай нарийн мэдлэг шаардсан цогц ойлголт юм.

Яагаад хариуцлагатай байх ёстой вэ?

Дэлхийн хүн ам ихэсч эдийн засаг, үйлдвэржилт хөгжихийн хэрээр уур амьсгалын өөрчлөлт гарч, эх дэлхий маань улам эмзэг болж байна. Хариуцлагатай уул уурхай нь байгаль эх болон хүн төрөлхтний хөгжил хоёрын хоорондох тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. НҮБ-ын  2012 онд тодорхойлсон “Хөгжилөөс хэн ч хоцрох ёсгүй” уриа бүхий Тогтвортой хөгжлийн зорилго бол   байгалийн нөөц, уур амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаалах тулгуур зорилтуудын нэг юм.

Мөн түүнчлэн газрын доорх эрдэс нийтийн өмч. Тэр утгаараа  олборлолт ашиглалтад нь ил тод, нийтэд хүртээмжтэй байх зарчим үйлчлэх ёстой.

Хариуцлагатай уул уурхайг энгийнээр тайлбарлавал ашигт малтмалыг байгал орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр,  оролцогч бүх талд хамгийн их өгөөжтэй байлгах эрдэс баялгийн салбар дах цогц үйл ажиллагаа билээ. Өөрөөр хэлбэл Хариуцлагатай уул уурхай гэдэг нь зөвхөн ухаж аваад,  хөрсөн дээр нь ургамал ногоо ургуулаад гараад явахын нэр биш. Бүхэл бүтэн  цогц ойлголт юм.

Хариуцлагатай уул уурхайн зарчмууд

 Анх 2006 оны наймдугаар сард Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн хурлаар  Монгол Улсын хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгыг гаргаж байв. Харин 2007 онд уул уурхайн компаниудын төлөөлөл, төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран үйл ажиллагаандаа дагаж мөрдөх Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг тодорхойлсон юм. Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх Тунхаг бичигт  оролцогч талуудыг төлөөлсөн  80 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл нэгдэж гарын үсгээ зурсан түүхтэй.

Хариуцлагатай уул уурхайн зарчмууд:

  1. Олон талын оролцоог хангах
  2. Ил тод нээлттэй байх
  3. Хуулийн сахин дээдлэх
  4. Байгаль орчин хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх
  5. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах
  6. Үр өгөөжтэй байх
  7. Хүмүүнлэг ёс зүйтэй байх
  8. Дэвшилтэт технологид суурилсан байх

 Хариуцлагатай уул уурхайн түүхэн замналын тухай Н.Алгаагийн нийтлэлийг эндээс үзнэ үү.

 Хариуцлагатай уул уурхайн талаар төрийн бодлогуудад онцгойлон тусгасан заалтууд олон бий. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал-д “Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна”, Монгол Улсын Их Хурлын “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2014-2025”-д “... байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах”, “Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжинэ”, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна” хэмээн тусгасан байдаг.

Хариуцлагатай Уул Уурхай Хөтөлбөр

Монгол улсын төр засаг, уул уурхайн компаниуд, ард иргэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үзэл санаан дээр нэгдэж байгаа билээ. Хариуцлагатай уул уурхайг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх асуудал дээр хамгийн олон оролцогч тал санал нийлсэн аргачлал нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас хэрэгжүүлж буй Хариуцлагатай уул уурхай хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөр нь Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс, кодексийг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн 3 баримт бичгээс бүрддэг. Тухайн хөтөлбөрт нэгдэж байгаа байгууллага эхний жилд кодексийг нэвтрүүлэх сургалтанд хамрагдах, кодексийн дагуу өөрийн үнэлгээ хийж тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх явцдаа зөвлөгөө авах гэсэн үе шатуудыг дамжих бол  МУУҮА нь кодексийн дагуу гаргасан тайланг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж ажиллана.

 

Хариуцлагатай Уул Уурхайн кодекс

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Байгаль орчны нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төсөл”-ийн хүрээнд 2018 онд “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-г боловсруулсан юм. Энэхүү жишиг шаардлагад суурилсан "Хариуцлагатай Уул уурхайн сайн дурын кодекст" олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх зорилготой "#ХариуцлагаарНэгд" аяныг эхлүүлсэн билээ. Ийнхүү салбарын тэргүүлэх 8 компани 2019 оны зургадугаар сард нэгдэж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байв. Уг үйл ажиллагааг МУУҮА зохион байгуулсан юм. Харин 2020 онд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр энэхүү хөтөлбөр өргөжиж сургалт, өөрийн үнэлгээг хийж эхэлсэн түүхтэй. Одоогоор Монгол улсын тэргүүлэх 10 гаруй аж ахуйн нэгж уг хөтөлбөрт нэгдээд байна.

 

Хариуцлагатай уул уурхайн кодекс нь Монголын уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, тэдгээрийн дунд манлайлагчдыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уг кодекс нь сайн дурын үндсэн дээр тухайн аж ахуйн нэгж өөртөө үнэлгээ хийх зарчмаар явах ба тодорхой үргэлжилсэн үйл явц шаардаж байгаа юм. Жишээ нь Байгаль орчны бодлоготой байхыг шаардахаас биш бодлогоо яаж гаргасан аргачлалыг шаардахгүй.

Компаниудад санал болгох ашиг тус

 Энэхүү кодексийг нэвтрүүлснээр тухайн уул уурхайн компаниуд дараах ашиг тусыг хүртэх боломжтой.

  1. Иргэд олон нийтийн итгэлийг олох
  2. Хууль тогтоомжийн шаардлагад нийцэж ажиллах
  3. Байгууллагын нэр хүнд дээшлэх
  4. Компанийн сайн засаглалыг бэхжүүлэх

Хариуцлагатай уул уурхай нь хамгийн зөв үр дүнтэй олон нийттэй харилцах хэрэгсэл гэдгийг онцолъё.

Кодексийг хэрэгжүүлснээр тухайн уул уурхайн компани хууль тогтоомжын шаардлагыг хэр биелүүлж, хэр нийцэж ажиллаж байна вэ гэдгээ үнэлж сурна. Үүнээс гадна нийцүүлж чадахгүй эсвэл биелүүлэхгүй байгаа шалтгаанаа засах төлөвлөгөөг ч гаргаж ажиллаж сурах юм. Өөрөөр хэлбэл хууль яагаад биелүүлэх ёстой вэ гэдгээ ойлгоно, юуг биелүүлэхгүй вэ гэдгээ мэддэг болно гэсэн үг. Яагаад торгуулдгаа ч ойлгодог болно. 

Кодекс гэдэг нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.

Уул уурхай бол хариуцлага өндөртэй салбар. Тиймээс ч  үйл ажиллагаа явуулах хугацаандаа байгал орчныг суйтгэж нөхөн сэргээлт хийлгүй орхисон хариуцлагагүй аж ахуй нэгж болон хууль бус ашигт малтмал олборлогчдын өмнөөс хариуцлагатай уул уурхайн компаниуд хариуцлагыг нь үүрэх, цаашид салбарын нэр хүнд хариуцлагагүй компаниудаас болж сэвтэх явдал их гарч байна.

Иймд уул уурхайн салбар гэдэг бол өндөр хариуцлагатай мэргэжлийн салбар гэдгийг нийтээрээ ойлгож газар ухаж байгаа бүхэн уурхай биш гэдгийг ялгаж салгаж харах нь Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд ихээхэн чухал юм.