Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Төрийн албан хаагчдын 46% нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд БЭЛЭН БИШ гэжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
ҮСХ

"Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа"-ны 2021 оны урьдчилсан дүн, үйл явцын мэдээллийг өнөөдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ҮСХ-ноос хамтран танилцууллаа.

Энэхүү судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдыг төрийн албаны ангиллаар нь харвал:

  • 79 хувь нь төрийн үйлчилгээний
  • 13.3 хувь нь төрийн захиргааны
  • 4.9 хувь нь төрийн улс төрийн
  • 2.8 хувь нь төрийн тусгай албан хаагч байжээ. 

Албан тушаалын ангиллаар харвал:

  • 63 хувь нь гүйцэтгэх
  • 28.8 хувь нь туслах
  • 8.3 хувь нь удирдах албан тушаалтан байсан аж. 

Нийт судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд "бэлэн" гэсэн бол 46.3 хувь нь "бэлэн биш" хэмээн хариулсан гэдгийг ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал хэлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Судалгаанд хамрагдсан нийт төрийн албан хаагчдаас харвал эмэгтэйчүүд илүү сайн мэддэг нь харагдсан. Үндсэндээ нийт төрийн албан хаагчдын 72.8% нь үндэсний бичгийн талаар мэддэг гэж хариулсан байсан.

Албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаар харвал:

  • 5.2 хувь нь маш сайн
  • 28.7 хувь нь дунд зэрэг
  • 27.2 хувь нь мэдэхгүй
  • 25.5 хувь нь бага зэрэг
  • 13.5 хувь нь сайн гэж хариулсан.

Үндэсний бичгийн мэдлэг маш сайн албан хаагчдыг боловсрол, насны бүлгээр харвал:

  • 35-39 насных 22 хувь
  • 40-44 насных 17.7 хувь
  •  45-49 насных 16.2 хувь
  • 25-29 насных 12.6 хувь
  • 50-54 насных 6.7 хувь
  • бусад насныхан 16.3 хувийг эзэлсэн. 

Үндэсний бичгийн мэдлэг маш сайн албан хаагчдыг салбараар харвал

  • Хамгийн өндөр буюу 68.6 хувь нь боловсрол
  • 11 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа,
  • 5  хувь нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа
  • 9.4 хувь нь бусад салбарын ажилтнууд байна.

Түүнчлэн үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэх асуултад нийт судалгаанд хамрагдсан албан хаагчдын 85.1 хувь нь тийм, 14.9 хувь нь үгүй гэж хариулжээ.

Сургалтад хамрагдах албан хаагчид ямар хэлбэрээр суралцах хүсэлтэй байгаа гэсэн асуултад хариулт авахад 63.1 хувь нь танхимын, 27.5 хувь нь онлайн, 8.3 хувь нь онлайн болон танхимын, 0.8 хувь нь бусад хэлбэрээр сурах хүсэлтэй байна гэсэн" хэмээв. 

"Монгол хэлний багш нараар дамжуулан төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг сайжруулах шаардлагатай"

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш С.Дулам “Судалгаанд үндэслээд Хэлний бодлогын үндэсний зөвлөл холбогдох хуулиараа үүрэг хүлээсэн байгууллага болон монгол хэлний багш нараар дамжуулан цаашид төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг улам сайжруулах шаардлага гарч ирж байна. Улмаар 2025 онд төрийн албыг хос бичгээр хөтлөн явуулахын тулд бэлтгэл хангах багагүй хугацаа үлдээд байна. Судалгаа хийхэд ихээхэн хүчин чадал гаргасан ҮСХ болон, 21 аймгийн салбар зөвлөлд талархал илэрхийлье" гэв. 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор Ардын багш Ц.Өнөрбаян “Монголчууддаа бичиг соёлын өдрүүдийн баярын мэнд дэвшүүлье. Үндэсний бичгийг бүх нийтээр хэрэглэх гэж буй цаг үед гэрч болон оролцож байгаадаа баяртай байна.

2015 оны хоёрдугаар сарын 12-нд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн гол заалт болох 7.2-т энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кириль болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг.

2025 он гэхэд төрийн бүх байгууллага албан хэргээ монгол бичгээр хөтлөх боломж бүрдэх байх. Уг ажилд монгол хэл бичгийн багш нарын мэдлэг, зүтгэлийг ашиглах хэрэгтэй" хэмээв. 

Үндэсний бичгийн судалгааг цаашид өргөжүүлэн, аймгуудад хийх ажлын мэдээллийг гаргаж ажиллана гэдгээ ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал танилцуулгын төгсгөлд хэлсэн билээ. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/515811209426576