Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Эрүүдэн шүүлттэй холбоотой бүх бичлэг ил болох юм уу эсвэл зарим нь л ил болж байгаа юу. Ямар нь нууцын зэрэглэлд үлдэж байгаа вэ?
-2019 оны гуравдугаар сарын 26-нд Төв аймагт болсон Б.Содномдаржааг 30 орчим хоног тарчлааж, дээр нь шээс асгасан, зодсон бичлэг болон Т.Чимгээ дээр шөнө Ц.Амгаланбаатарыг оруулж дарамтлуулдаг бичлэг, н.Булгантай зүй бусаар харьсан бичлэгийг ил болгох тухай тэмдэглэл дээр бичсэн байсны дагуу Засгийн газрын 115 дугаар тогтоол гарсан.
Сүүлд 2020 оны долдугаар сарын 10-ны өдөр ТЕГ-ын дарга Д.Гэрэлээс С.Зоригийн хэрэгт хамаарах 150 хуудас материалыг бүхэлд нь ил болгох асуудал очсон байдаг. Ингээд яг баяр наадмын өмнөхөн байсан тул хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан.
Харин өнөөдөр Т.Чимгээгээс миний нэр дээр хоёр утга илэрхийлсэн өргөдөл ирсэн.
Үүнд,
Үүний дагуу Засгийн газар хуралдаж, уг асуудлыг ТЕГ-т тавьснаар тус материалыг ил болгох тогтоолын төсөл орсон.
Төрийн болон албаны нууцын тухай хульд зааснаар ямар мэдээллийг төрийн нууцад авч, ямрыг нь ил болгож, хугацааг нь сунгах асуудлыг ЗГ-т Тагнуулын байгууллага оруулахаар тусгагдсан байдаг.
-Захиалагчтай холбоотой хэргийг мөрдөж байгаа юу?
-Гуравдугаар сарын 8-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд холбогдох байгууллага энэ хэргийн талаарх танилцуулгыг хийсэн. Танилцуулгаар захиалагчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хаагаагүй гэх мэдээлэл өгсөн.
-Хэрэг зургаан удаагийн шүүх хурлаар орсон ч шийдэгдээгүй тухай та хэллээ. Шийдэхэд саад болж байгаа хүмүүс нь яг хэн юм бэ?
-Эрүүгийн 830142 дугаартай хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, н.Булган нарт эрүү шүүлт тулгах, баримтжуулалтын ажлыг явуулж байхдаа гүйцэтгэх ажлыг хууль тогтоом зөрчсөн байж болзошгүй талаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч, тэдний ар гэрийн зүгээс анх 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП, Тагнуул болон Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг.
Цагдаагийн байгууллагаас 2018 оны долдугаар сарын 10-нд өргөдлийг хүлээн авч, гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан, УЕПГ-т хүргүүлэхэд өргөдлийг хүргүүлэхэд АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн.
Ингээд АТГ хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.1, 251.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2019 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагад харьяаллаар нь шилжүүлсэн.
Дараа нь Б.Хурц нарын есөн этгээдэд эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул хэргийг 2019 оны зургаадугаар сард Прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Дараа нь гуравхан өдрийн дотор Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд хэрэг буцсаар хамгийн сүүлд н.Батдэлгэр гэх шүүгч дээр хуваарилагдаад байгаа. Энэ хэрэг Анхан болон Давж заалдах шатны шүүхэд зургаан удаа очсон ч шийдэгдэхгүй байгаа. Нөхцөл байдал тодорхой байхад шүүх бие бие рүүгээ шидсээр байна.
Гэтэл эрүүдэн шүүгдсэн хүмүүс тэнд тарчлаад байж байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!