Манай улс хөдөлмөрийн нөөцийнхөө 54 хувийг ашиглаж байна
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын үр дүнд үндэслэн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн харилцан хамаарлыг Үндэсний статистикийн хорооноос судалжээ. Судалгааг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Л.Цэвээнжав бичжээ. Уг судалгааны үр дүнгээс онцлон хүргэе.
Манай улсын 15 ба түүнээс дээш насны хүн амын хөдөлмөрийн нөөц 2.2 сая бий. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээс харахад уг нөөцийнхөө 53.8 хувийг ашиглаж байна. Тодруулбал, 15 ба түүнээс дээш насны хүн ам 2,170,573 байгаагаас 1,296,921 хүн хөдөлмөр эрхэлж байгаа бол 873,792 хүн ажиллах хүчнээс гадуур байгаа юм.
Зураг 1, Манай улсын 15 ба түүнээс дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүнээр, улсын дүнгээр, 1992-2019 он
Дэлхийн банкны 2018 оны судалгаанаас үзэхэд улс орнууд дунджаар хөдөлмөрийн нөөцийнхөө 56.1 хувийг ашиглаж байв. Харин өндөр орлоготой улсуудын хувьд энэ үзүүлэлт 59.1 хувь байна. Тухайлбал, Япон улс хөдөлмөрийн нөөцийнхөө 60.6, БНСУ 60.8, БНХАУ 67.3 хувийг ашиглаж байгаа юм.
Зураг 2, Хөдөлмөр эрхлэлтийн түвшин, хувиар, сонгосон улсаар, 1992-2019 он
12 жил сурсан бол ажил хийх магадлал 73.2, 16 жил суралцсан бол 76.8 хувь байна
Түүнчлэн сургуульд сурсан жил нь хөдөлмөр эрхлэлт болон цаашид үр хүүхдээ сургах хугацаанд хэр нөлөөлж буйг судлан үзжээ.
Сургуульд сурсан жил нэгээр нэмэгдэхэд хөдөлмөр эрхлэх магадлал 6.5 хувиар өсөж байгаа аж. Мөн мэргэжилтэй хүнийг мэргэжилгүй хүнтэй харьцуулахад хөдөлмөр эрхлэх магадлал нь 21.5 хувиар илүү байгаа юм. Эмэгтэй хүнийг бодвол эрэгтэй хүний хөдөлмөр эрхлэх магадлал 6 хувь илүү байгаа нь мөн дээрх судалгааны явцад тодорхойлогджээ.
Хэрэв ерөнхий боловсролын сургуульд 12 жил сурсан бол ажил хийх магадлал 73.2, 16 жил сурсан бол 76.8 хувь байна.
Түүнчлэн эцэг, эхийн боловсролын түвшин хүүхдийн суралцах хугацаатай харилцан хамааралтай байна.
- Боловсрол эзэмшээгүй эхийн хүүхдийг боловсролтой эхийн хүүхэдтэй харьцуулахад 2.3 жилээр бага хугацаанд
- Боловсрол эзэмшээгүй эцгийн хүүхдийг боловсролтой эцгийн хүүхэдтэй харьцуулахад 1.3 жилээр бага хугацаанд
- Дээд боловсролтой эхийн хүүхдийг дээд боловсрол эзэмшээгүй эхийн хүүхэдтэй харьцуулахад 1.3 жилээр бага хугацаанд тус тус сургуульд суралцаж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

