Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Сургуульд сурсан жил нэгээр нэмэгдэхэд хөдөлмөр эрхлэх магадлал 6.5% нэмэгдэж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Боловсрол хөдөлмөр эрхлэлтэд ямар чухал байгааг Үндэсний статистикийн хороо "Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого"-ын үр дүнд тулгуурлан хийсэн судалгааны үр дүн харуулж байна.

Уг судалгаагаар боловсролын түвшин хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд зогсохгүй ирээдүй хойч болсон хүүхдүүдийн боловсролд ч чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь нотлогджээ.

Тэр тусмаа эцэг, эхийн боловсролын түвшин хүүхдийн боловсролын түвшинтэй хүчтэй хамааралтай байгааг доорх гурван үр дүн илтгэж байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн боловсролын түвшин нэмэгдэх хэрээр хүүхдийн сургуульд сурах жил нэмэгдэж байгаа явдал юм.

  • Боловсролгүй эхийн хүүхдийг боловсролтой эхийн хүүхэдтэй харьцуулахад 2.3 жилээр бага хугацаагаар сургуульд суралцаж байна. 
  • Боловсролгүй эцгийн хүүхдийг боловсролтой эцгийн хүүхэдтэй харьцуулахад 1.3 жилээр бага жилээр сургуульд суралцаж байна.
  • Дээд боловсролтой эхийн хүүхдийг дээд боловсролгүй эхийн хүүхэдтэй харьцуулахад 1.1 жилээр илүү хугацаагаар сургуульд суралцдаг байна. 

Мөн 12 жил сургуульд сурсан хүний хөдөлмөр эрхлэх магадлал 73.2% байгаа бол 16 жил сурахад хөдөлмөр эрхлэх магадлал 76.8% гэсэн дүгнэлт гарчээ. 

Монгол Улсад хөдөлмөрийн насны буюу 15 ба түүнээс дээш насны 2.17 сая иргэн байгаагаас 1.29 сая нь ажиллах хүч бөгөөд 1.16 сая нь ажил эрхэлж байна. 

Манай улс хөдөлмөрийн нөөцийнхөө 53.8%-ийг л эргүүлэн ашиглаж байгаа аж. Дэлхийн дундаж 2018 оны байдлаар 56.1%-тай байгаа бол дунджаас дээгүүр орлоготой орнууд 54.6%, өндөр орлоготой орнууд 59.1%-ийг эргүүлэн ашигласан байна. Тухайлбал, 

  • ОХУ - 59.4
  • Япон - 60.6
  • Эстони - 60.8
  • БНСУ - 61.2
  • БНХАУ - 67.3
  • Шинэ Зеланд - 67.4%-ийг эргүүлэж ашиглаж буй тооцоо байна. 

Манай улсын хувьд мэргэжилтэй хүнийг мэргэжилгүй хүнтэй харьцуулахад хөдөлмөр эрхлэх магадлал 21.5% илүү байгаа тул иргэдэд мэргэжил эзэмшүүлэх ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь үр дүнтэй хэмээн дүгнэжээ.

  • Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн хөгжлийн бэрхшээлгүй хүнтэй харьцуулахад хөдөлмөр эрхлэх магадлал 22% доогуур 
  • Эрэгтэй хүний хөдөлмөр эрхлэх магадлал эмэгтэй хүнээс 6% илүү 
  • Хотод амьдардаг хүний хөдөлмөр эрхлэх магадлал хөдөө амьдардаг хүнийхээс 2.2% бага байна. 
Иймд цаашид хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд боловсролын салбарыг дэмжих, иргэдэд ямар нэгэн мэргэжил эзэмшүүлэх, хот суурин төвлөрсөн газарт ажлын байр нэмэгдүүлэх, халамжийг зорилтот бүлэгт өгөх буюу хэт хавтгайруулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад тохирсон ажлын байр бий болгох зэрэгт түлхүү анхаарах шаардлагатай хэмээн үзжээ.