Та аз сорьсон зүйл хийх дуртай юу?
Зөрчил маргаан үүссэн үед хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Хэдхэн секундэд хариулчих амархан асуултууд байгаа биз. Таны зан төлөв, сэтгэлзүйн онцлогийг дээрхтэй адил энгийн асуултуудаар судалж, улмаар таныг хэр найдвартай зээлдэгч вэ гэдгийг тодорхойлон зээл олгодог аппликэйшн байдгийг та мэдэх үү ? Дансны мэдээлэл, зээлийн түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэгт анхаарал хандуулах бус зөвхөн хувь хүний хязгааргүй нөөц болох сэтгэл зүйн төлөвшил, хариуцлагад үндэслэн зээл олгодог Монгол дахь цорын ганц psy-fintech аппликэйшн бол Zeely юм. Анх сонсоход боломжгүй мэт санагдах ч аль хэдийнээ 2 жилийн турш хэрэглэгчдийн талархлыг хүлээн санхүү, технологи, сэтгэл судлалыг нэгтгэсэн салбар дундын амжилттай инноваци болжээ.
Zeely аппликейшний сэтгэл судлаачид судлалын шинжлэх ухаанд суурилан хариуцлагатай зээлдэгчийг урьдчилан тодорхойлох сэтгэл зүйн үнэлгээг боловсруулж, зээлээ эргэн төлөхгүй байхад хувь хүний сэтгэл зүйн онцлог чухал нөлөө үзүүлдэг болохыг батлаад байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд цугларсан өгөгдлийн сандаа тулгуурлан Монгол хүн зээлээ цагт нь төлдөггүйн сэтгэл зүйн шалтгааныг тодорхойлж "Финтек хэрэглэгчийн зан төлөв ба сэтгэл зүй" судалгааны тайланд тусгалаа. Тус судалгааны голлох үзүүлэлт уншигч таны амьдралд хэрэгтэй бас сонирхолтой байх болов уу.
1. ТЭД ХАРИУЦЛАГАА БУСДАД ТОХДОГ
Зээлээ хугацаандаа төлөхөд хариуцлагаа бусдад тохдог хүн үү эсвэл өөрөө үүрдэг хүн үү гэдэг нь чухал нөлөөтэй аж. Хариуцлагаа бусдад тохдог хүмүүс өөрийн гаргасан алдаанд нөхцөл байдлыг эсвэл бусдыг буруутгах хандлагатай, өөрийн хичээл зүтгэлээс илүү азанд найддаг байна. Судалгааны үр дүнд хугацаа хэтрүүлдэг зээлдэгчид “хэрвээ ямар нэгэн сайн дохио гарч ирвэл аз ирэх гэж байна гэж боддог” буюу өөрт тохиолдох зүйлсэд гадны нөлөө ихтэй гэж бодох байдал 2 дахин өндөр. Харин танаас авсан зээлээ хэлсэн хугацаандаа өгөх хүн зөвхөн өөртөө найддаг, шаргуу, алдаагаа өөрөөсөө хайдаг.
ХАРИУЦЛАГАА БУСДАД ТОХОХ БАЙДАЛ
2. ЧУХАЛ АЖИЛД ХЭНЭГГҮЙ ХАНДДАГ
Аялалд гарахдаа, чухал уулзалтанд орохдоо бэлтгэлээ сайн базаахад анхаардаггүй, хэнэггүй ханддаг хүмүүст мөнгө зээлүүлэхээс болгоомжил. Судалгаагаар найдваргүй зээлдэгчид чухал ажил үүргийг хариуцахдаа бэлтгэл бүрэн хангах, үр дүнтэй шийдэл боловсруулах байдал найдвартай зээлдэгчдээс 3 дахин бага байна.
3. ТЭД СУЛ ДОРОЙ ХАРАГДАХ МӨН ЯЛАГДАХААС АЙХ АЙДАСТАЙ
Зээлээ цагтаа төлдөггүй хүмүүс сул дорой байдлаас хамгийн их ичдэг ба үүний цаана ялагдах айдас нуугдаж байдаг. Тэд бусад хүмүүс өөрийнх нь талаар ямар бодолтой байгаад анхаарч нэр хүндээ ихэд эрхэмлэдэг байдал нь найдвартай зээлдэгчидтэй харьцуулахад 2 дахин өндөр. Хэдий нэр хүндээ эрхэмлэдэг ч хэлсэн амандаа хүрч зээлээ төлөхгүй байгаа нь зөвхөн өөрийгөө боддогийг илтгэж байж мэдэх юм.
4. ӨӨРИЙГӨӨ САЙЖРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГГҮЙ
Өөртөө эрддэг, бардам зан найдваргүй зээлдэгчийг илтгэж байдаг болохыг тус судалгаа нотолсон байна. Учир нь хариуцлагатай зээлдэгчид ур чадвараа хөгжүүлэх, өөрийгөө сайжруулах эрмэлзэл хариуцлагагүй зээлдэгчдээс илүү өндөр байна. Өөрөөсөө алдаа олж харж чаддаг, илүү сайжрахыг чухалчилдаг хүмүүст та мөнгө зээлүүлсэндээ санаа зовохгүй байж болно.
5. САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ СУЛ
Хугацаа хэтрүүлдэг харилцагч санхүүгийн асуудал тулгарахад хойшлуулах, зугтах магадлал 2 дахин өндөр байна. Өөрөөр хэлбэл тэдэнд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх сэтгэлийн тэнхээ сул байгаагийн улмаас асуудалтайгаа нүүр тулахгүй, улам даамжруулдаг нь муу зээлдэгч болоход нөлөөлдөг байна. Харин хугацаа хэтрүүлдэггүй зээлдэгчид санхүүгийн хүндрэлийг зохицуулах арга барилаа олсон ба энэ төрлийн туршлага ч харьцангуй өндөр байдаг байна.
6. ТЭД МӨНГИЙГ ТАХИН ШҮТЭХ ХАНДЛАГАТАЙ
Мөнгөнд хандах хандлагаар нь мөн найдваргүй зээлдэгчийг таньж болно. Хугацаа хэтрүүлдэг зээлдэгч нар аз жаргал мөнгөнөөс шалтгаалдаг гэсэн үзэлтэй, бусдыг үнэлэхдээ эд хөрөнгөтэй эсэхийг нь чухалчилдаг зэрэг сөрөг хандлагатай байна. Тэд мөнгийг чухалчилдаг хэрнээ үйлдэл дээрээ 2 хүн тутмын нэг нь мөнгөө хадгалах, хэмнэхийг хичээдэггүй байна. Харин хариуцлагатай зээлдэгчдийн хувьд мөнгө ихтэй байхыг зорих биш мөнгийг ухаалгаар удирдан зохицуулахыг илүүтэй зорьдог.
Мөнгөнд хандах хандлага
Мөнгө бол хүч гэдэгтэй санал нийлнэ
7. ЭРГЭН ТОЙРНЫХОН НЬ Ч БАС ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНДАА ТӨЛДӨГГҮЙ
Түүний мөнгө зээлүүлсэн 10 хүний 9 нь зээлээ хугацаандаа төлөлгүй харамсахад хүргэдэг. Эргэн тойрны хүмүүс нь дийлэнхдээ найдваргүй зээлдэгчид байдаг тул тэд зээлээ хугацаандаа төлөхгүй байхыг хэвийн үзэгдэл гэж үздэг байх магадлалтай.
Сүүлийн 1 сар эргэн тойрны хэн нэгэндээ мөнгө
зээлээд түүндээ харамссан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!