Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хашчулуун: Репо санхүүжилт эдийн засгийн суурь бүтцийг өөрчлөхөд дэмжлэг болох боломжтой

ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.  

- Коронавирус дотоодод тархахтай зэрэгцээд Монголбанкнаас бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, заавал байлгах нөөцийг бууруулах зэргээр дорвитой арга хэмжээ авсан. Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед бодлогын энэхүү арга хэмжээ ямар нөлөө үзүүлж болох вэ?  

- Монголбанкнаас ковид-19-тэй холбогдуулан бодлогын арга хэмжээг шуурхай авсан. Тухайлбал, бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ банкуудын заавал байлгах нөөцийг багасгасан. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих репо санхүүжилтийг бий болгож, 2020 оны дөрөвдүгээр улирал, энэ оны 1 дүгээр улиралд нийтдээ бараг 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор болсон. Эндээс үйлдвэрүүд эхний байдлаар санхүүжилтээ авсан гэсэн мэдээ бий.

Тэгэхээр энэ арга хэмжээнүүд нь цаашдаа эдийн засгийг тогтворжуулах, сэргээх, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд ихээхэн тус нэмэр болох болов уу. 

- Бодлогын хүү эдийн засагт хоцрогдолтой нөлөөлдөг учраас аль болох богино хугацаанд эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, цусны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор репо санхүүжилтийг авч хэрэгжүүлсэн. Үр дүнгийн талаар түрүүчээсээ мэдээлэл ирж байгаа талаар та дурдлаа.  Үүнийг тодруулахгүй юу?  

- 2020 оны 4 дүгээр улиралд нийтдээ 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг шийдсэн байсан. Энэ санхүүжилтийн бараг 50 хувь нь 12 дугаар сарын 15-ны байдлаар үйлдвэрүүдэд очсон гэсэн мэдээг бид авсан. Мөн цаашдаа санхүүжилт авъя гэсэн хүсэлтүүд нэлээд их байна. Нийтдээ 400 орчим тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн. Тэгэхээр Монголбанкнаас бараг 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад нийлүүлж байгаа учраас хүсэлтүүд бүрэн дүүрэн хангагдах боломжтой. Ингэснээр үйлдвэрүүд зардлаа бууруулах, зээлийн хүүгээ бууруулснаар үйл ажиллагаагаа сэргээх алхмуудаа хийж байгаа юм билээ. хэдийгээр 12 дугаар сарын хувьд ихэнх хугацаа нь хөл хориотой байсан ч үйлдвэрүүд санхүүжилтээ авч чадсан гэдэг нь их сайн мэдээ болж байгаа.  

- Санхүүжилтийн өртөг нэлээд бага байгаа учраас зээлийн хүү буурахад нэлээд сайнаар нөлөөлөх байх? 

- Репо санхүүжилтийн өртөг нь харьцангуй бага. Ерөнхийдөө 10 хувиас хэтрэхгүй байх зээлийн хүүг санал болгож байгаа. Зах зээл дэх зээлийн хүү 18-19 хувь байгаа үед бага хүүтэй эх үүсвэрийг  нийлүүлж байгаа нь цаашдаа зээлийн суурь хүү буурахад тус дөхөм болно. 

- 2021 он гарчихлаа. Монголбанкны хувьд энэ онд эдийн засгийг 5 орчим хувиар өснө гэж таамаглаж байгаа. Таны хувьд эдийн засгийн уналт зогсох, сэргэлт бий болох хугацааг хэр ойрхон харж байна вэ?

- Манай эдийн засгийн нэг онцлог нь их авсаархан, жижиг эдийн засаг. Тэгэхээр амархан донсолдог. Мөн тэр хэрээр маш хурдтай сэргэх боломж байгаа. Ерөнхийдөө өнгөрсөн 2020 оны 4 улирлын эдийн засгийг тоог харвал сэргэлт нь V хэлбэртэй байхаар байна. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар улиралд хамгийн хүнд цохилт ирсний дараа аажмаар сэргэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Монгол Улсын эдийн засгийн гол салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбар 2019 оны түвшиндөө эргэж хүрсэн. Зарим салбар, тухайлбал, хөдөө аж ахуйн салбар 2019 оны түвшнээс бага зэрэг давсан. Тэгэхээр 2021 онд Ковидын тархалтыг зогсоож, хумьж чадах тохиолдолд эдийн засаг их эрчимтэй сэргэх бүрэн боломжтой. Үүнд эерэгээр нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, томоохон төслүүд буюу Тавантолгойн цахилгаан станцын үйл ажиллагаа, Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад төслүүдийг эхлүүлэх нь эдийн засгийг сэргээх чухал алхам болно. Нөгөө талаас эдийн засгаа хэвийн байдалд оруулж, худалдаа, барилгын салбарыг нээх, мөн аж үйлдвэрийн бараа, аж ахуйн барааны худалдааг аажмаар нээх нь эдийн засгийг сэргээхэд их тус болно.

2020 оныг харвал нэг сайн зүйл нь юу гэхээр манай өрхүүд тодорхой хэмжээгээр хуримтлал хадгаламж хийж эхэлсэн байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийн санхүүгийн нөөцийг сайжруулж байна. Мөн 2021 оны худалдан авалтыг дэмжих санхүүгийн боломж байна гэдгийг харуулж байгаа. Энд Засгийн газраас авсан арга хэмжээг бас үнэлэх хэрэгтэй. Ялангуяа өрхүүдийн дулаан, цахилгааны зардлыг бууруулсан, татварыг тодорхой хэмжээгээр тэглэх, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хүртэл нэмэгдүүлсэн, хүнсний талоны үр дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн зэрэг нь эдийн засгийг уналтаас сэргийлэхэд тус болсон. Энэ бүхэн нь Монголбанкны арга хэмжээтэй нийцсэнээр 2021 онд эдийн засгийг хэвийн нөхцөлд хүргэх, бараг 1 дүгээр улирлаас л өсөлттэй гарах боломжийг бүрдүүлж байна. 

- Репо санхүүжилтийн хувьд эдийн засаг хүндэрсэн, эрэлт муудсан үед авч байгаа бодлогын онцгой арга хэмжээ гэж харж байгаа. Гэхдээ эдийн засаг хэвийн түвшиндөө очих үед ч гэсэн энэ төрлийн санхүүжилтийн хэрэгцээ байсаар байх уу, эсвэл тодорхой хугацаанд хэрэгжээд зогсох ёстой юу. Та хувь эдийн засагчийнхаа хувьд хэрхэн дүгнэж байна вэ?  

- Репо санхүүжилтийн хувьд эдийн засагт хоёр үүргийг гүйцэтгэж байна. Нэгдүгээрт, хямралын үед эдийн засгийг тогтворжуулах, үйлдвэрүүдийг сэргээхэд тус болж байгаа. Хоёрдугаарт, урт хугацааны бүтцийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаараа онцлогтой. Манай эдийн засаг бүтцээ шинэчлэх, өөрчлөх цаг болсон. Өдий хүртэл зах зээлийн жамаар яваад, уул уурхай хөдөө аж ахуй гэсэн хоёр том салбартай. Мөн маш том үйлчилгээ, худалдааны салбартай болчихсон. Гэтэл худалдаа, үйлчилгээний салбар нь их өндөр эрсдэлтэй бөгөөд голдуу импортын барааг л дамлан худалдаалах хэлбэртэйгээр ажиллаж байгаа. Тэгэхээр дотооддоо үйлдвэрээ хөгжүүлэх нь асар чухал гэдэг нь хөл хорионы үед харагдсан.

Ялангуяа хүсний бүтээгдэхүүнийг дотооддоо 100 хувь хангах, голлох барилгын материалууд, хувцас хэрэглээ, эм, эмнэлгийн энгийн хэрэглэл, эмчилгээний хувцас зэргийг дотооддоо үйлдвэрлэх нь асар чухал болоод байна. Тийм учраас репо санхүүжилтээр дамжуулан эдгээр үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй болов уу. Цаашдаа бид үйлчилгээнд суурилсан эдийн засгаас бүтээгч, үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжих хэрэгтэй. Ингэхдээ миний дээр дурдсан хоёр том салбараас гадна боловсруулах аж үйлдвэрээ дэмжих нь чухал юм.  

- Ярилцсанд баярлалаа.

 

Б.Баттүшиг