ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг иргэд өөрсдөө шалгаж болно

Ж.Отгонмягмар
2013 оны 12 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг
www.ndaatgal.mn сайтын даатгуулагчийн цахим мэдээлэл гэсэн хэсэг буюу “та нийгмийн даатгалын мэдээллээ цахимаар авах боломжтой” гэсэн хэсэг рүү ороод бүртгүү­лэх хэрэгтэй

Сүүлийн үед иргэдийн нийгмийн даатгал нь төлөгдөөгүй байх тохиолдол гарах болсон. Тэгвэл тухайн иргэн нийгмийн даатгалаа төлөгдөж байгаа эсэхийг өөрөө хэрхэн хянах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн мэргэжилтэн Ц.Нармандахаас тодрууллаа.

-Иргэд нийгмийн даатгалаа төлөгдөж байгаа эсэхийг яаж хянах боломжтой вэ?

-Даатгуулагч нийгмийн даат­га­лын шимтгэлээ төлөгдөж бай­гаа эсэхийг мэдэхийн тулд ажил олгогч байгууллагынхаа нягт­лан­гаас даатгалын дэвтрээ аваад шалгаж  болно. 

Гэхдээ даат­гуу­лагч үүнд тийм ч их итгэл­тэй бус байдаг. Тиймээс НДЕГ-т даатгуулагчийн мэдээ­лэл орсон эсэхийг шалгах хэ­рэг­тэй. Манай www.ndaatgal.mn сайт шимтгэл төлөлтийг шал­­гах хэсгийг энэ оноос эхлэн ажил­луулж эхэлсэн. 

-Иргэд www.ndaatgal.mn сайт дээр байгаа шимтгэл тө­лөл­тийг шалгах хэсэг рүү ороод л шалгаж болох нь ээ?

-Тийм ээ. Даатгуулагч Нийг­мийн даатгалын ерөнхий газрын сайд www.ndaatgal.mn сайтаар ороод ажил олгогч компани нь нийгмийн даатгалын шимт­гэлийг төлж байгаа эсэ­хийг шалгах боломжтой бол­сон. 

Тодруулбал, www.ndaatgal.mn сайтын даатгуулагчийн цахим мэдээлэл гэсэн хэсэг буюу “та нийгмийн даатгалын мэдээллээ цахимаар авах боломжтой” гэсэн хэсэг рүү ороод бүртгүү­лэх хэрэгтэй. 

Хэрэв нийгмийн даатгал буюу даатгуулагчийн мэдээлэл гэсэн хэсэгт ороод хэрхэн бүртгүүлэхээ мэдэхгүй бол бүртгүүлэх заавар татаж авах хэсгээс зөвлөгөө авч болно. Даатгуулагч мэдээллээ бүртгүүлж, баталгаажуулснаар шимтгэл төлөлтийн мэдээллээ и-мэйл хаягаар хүлээн авах боломж бүрдэх юм.

-Бүртгүүлэхэд даатгуулагч ямар мэдээллүүдийг мэдэх шаардлагатай вэ?

-Бүртгүүлэх хэсэгт дарж ороод регистрийн дугаараа, и-мэйл хаяг, нэртэйгээ бичээд бүртгүүлнэ. Улмаар тухайн даатгуулагчийн и-мэйл хаяг руу шимтгэлийг нь төлж байгаа эсэхийг шалгахад хэрэглэх нууц үг илгээгдэнэ. Хэрэв ямар нэгэн байдлаар нэвтрэх нууц үг даатгуулагчийн и-мэйл хаягт очоогүй бол SPAM хэсэгт очих тохиолдол байдаг. 

Харин INBOX болон SPAM хэсэгт ирээгүй бол нийгмийн даатгалын шимтгэлийн төлж байгаа эсэхийг шалгах хуудасны нууц үг илгээх хэсгээр дахин нэвтрэх мэдээллээ авах боломжтой. 

-Бүртгүүлснээс хойш даат­гуу­лаг­чийн мэдээлэлд өөрч­лөлт орсон бол дахин бүрт­гүүлэх шаардлагатай юу?

-Хэрэв даатгуулагчийн мэ­дээ­­­лэлд өөрчлөлт орвол www.ndaatgal.mn сайтаар орж мэ­дээл­­­лээ өөрчлөх боломжтой. Мөн харьяа дүүргийнхээ нийг­мийн даатгалын хэлтэст бичиг ба­римт­тайгаа очиж мэдээллээ шинэч­лүүлж болно. Тодруул­бал, ургийн овог, овог нэр, нийг­мийн даатгалын дэвтрийн болон эрүүл мэндийн даатгалын дэвт­­рийн дугаар, холбоо барих утас, и-мэйл хаяг, гэрийн хаяг зэрэг мэдээллүүдийг багтаж байгаа.

-Шимтгэл төлөлтийн мэ­дээ­ллийг хэдэн он хүртэл шал­гах боломжтой вэ. Шимт­гэл төлөлтөөс бусад зүйл шалгаж болох уу?

-Даатгуулагч одоогоор зөв­хөн 2006-2013 оны хоорондох шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах боломжтой. Гэхдээ цаашид он нь нэмэгдэх болно. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлөлтийн он болон шалгах боломжтой сонголтууд зэрэг нь нэмэгдэнэ. 

Даатгуулагч цаашдаа 2006 оноос өмнөх шимтгэл төлөлтөө шалгах боломж бүрдэнэ гэсэн үг. Түүнчлэн шимтгэл төлөлтөөс гадна нэрийн данс, тэтгэвэр авагч, эрүүл мэндийн зардал, тэтгэмж авсан мэдээлэл гэх зэргээр нийгмийн даат­галаас үзүүл­дэг үйлчил­гээ­нүү­дийн мэ­дээл­лүүдийг өргөсгөхөөр бид ажиллаж байгаа.

-Даатгуулагч шимтгэл тө­лөл­тийн мэдээллийг хүссэн үе­дээ шалгах боломжтой биз дээ?

-Даатгуулагчид нэг удаа илгээсэн мэдээллээ дахин дав­хар илгээхгүй. Тодруул­бал, өн­гөрсөн 7-9 дүгээр сарын мэдээл­лийг даат­гуулагч шал­га­сан бол дахин дав­хар­дуу­лан мэдээлэл өгөхгүй. Харин есдүгээр сараас хойш 10-11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг илгээнэ гэсэн үг. 

Уг мэдээлэлд он, сар, цалин­гийн хэмжээ, төлсөн шимт­гэлээс ажил олгогч бо­лон даатгуулагч хэдэн төг­рөг төлж байгаа гэдгийг мэ­дээл­эх болно. Бүр цаашлаад шимтгэлээс тэтгэврийн болон эрүүл мэндийн гээд таван санд хэрхэн төлөгдөж байгаа гээд бүх мэдээллийг нарийвчлан мэдээлж байгаа. Ингэхдээ өмнөх сарын мэдээллийг дараа сарын 15-наас хойш мэдээлнэ.

-Иргэд интернэтээр шалгах боломжгүй бол нийгмийн даатгалын газарт хандаад шимтгэл төлөлтөө шалгуулах боломжтой биз дээ?

-Манайд байгууллагын до­тоод хяналтын ажил олгогч даат­гуу­лагч­дынхаа нэгдсэн лав­ла­гаа­ны программ гэж бай­гаа. Интернэтээр даатгалын шимт­гэлийн төлөлтөө шалгах боломж­гүй бол НДЕГ-т ирээд манай нэг цонхны үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнуудаар шалгуулах боломжтой.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг