Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлууд тодорч эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын багт бүтцийн өөрчлөлт хийснээр тэргүүн дэд захирлын нэг орон тоог хэвээр үлдээж, дэд захирлын дөрвөн орон тоог гурав болгон цөөлсөн билээ. Тэгвэл дэд захирлын албан тушаалд томилогдох хүмүүсийн нэр тодорхой болж эхэллээ.

Засгийн газраас Ц.Цолмон, Л.Хосбаяр, Л.Энхболд нарын гурван хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. 

Ц.Цолмон нь хуульч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Харин Л.Хосбаяр нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд бизнес эрхлэгч нэгэн аж.

Гурав дахь нь УИХ-ын гишүүн асан Л.Энхболд. Тэрбээр өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Уг хэрэг өдгөө АТГ-т шалгагдаж буй. 

АТГ-аас дээрх гурван хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхэд дүгнэлт гаргана. 

Харин “Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирлаар хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна.