Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Юта мужийн цөлөөс үл мэдэгдэх металл хөшөө олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Байгаль хамгаалагчид АНУ-ын Юта мужийн өмнөд хязгаарын хүн амьдардаггүй алслагдсан цөлд үл мэдэгдэх металл хөшөө газарт зоосон байгааг илрүүлсэн байна.

Энэ бүс нутагт амьдардаг аргалийн тоо толгойг тогтоохоор нисдэг тэрэгтэй явсан мэргэжилтнүүд үүнийг олж илрүүлжээ. Нууцлаг хөшөөг хэн нэг хүний уран бүтээл, бүр харь гарагийнхны босгосон зүйл гэх таамаг ид яригдаж байна.

 

Юта мужийн Байгаль хамгаалах газар, Нийгмийг аюулаас хамгаалах газрын хамтарсан мэдэгдэлд “Нисдэг тэрэгний багийнхан алслагдсан газар нутагт босгосон металл хөшөөг илрүүллээ. Хэн ямар зорилгоор ийм зүйл босгосныг харуулах ямар ч сэжүүр олдоогүй байна” гэжээ. Гэхдээ холбооны засгийн газрын мэдэлд байдаг газар нутагт ийм зүйл босгохыг хэнд ч, тэр ч байтугай харь гарагийнханд ч зөвшөөрдөггүй хуультайг мэдэгдсэн байна.

Гурван метр өндөртэй энэхүү сонин олдворыг үзэхээр тухайн газар нутгийг зорихгүй байхыг Ютагийн эрх баригчид хүмүүст анхааруулжээ. Учир нь металл хөшөө байрлаж буй газар нь алс зэлүүд, хүн амьдардаггүй нутаг тул төөрөх эрсдэлтэй гэнэ.

 

Эх сурвалж: Mashable