Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад аялахын тулд заавал коронавирусийн вакцин хийлгэх ёстой болж магадгүй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Австралийн үндэсний агаарын тээвэрлэгч Qantas-ийн гүйцэтгэх захирал Алан Жойс цаашдаа олон улсын зорчигчдод коронавирусийн вакцин хийлгэсэн байх шаардлага тавихаар төлөвлөж буйгаа өнгөрсөн Даваа гарагт хэвлэлд ярьжээ.

“Дэлхийн бусад агаарын тээврийн компаниудад ч ийм ерөнхий шаардлага тавигддаг болно гэж би бодож байна. Австралид ирж байгаа, Австралиас явж байгаа бүх зорчигчдод онгоцонд суухаасаа өмнө вакцин хийлгэсэн байх шаардлага тавьдаг болно” гэж Жойс ярьсан байна.

Энэ оны наймдугаар сард Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлд ярихдаа тус улсын иргэдэд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавигдах магадлалтай байгааг хэлсэн юм.

Сүүлийн нэг жилд $1.46 тэрбумын алдагдалтай ажилласнаа тухайн үед Qantas зарласан нь тус компанийн 100 жилийн түүхэнд байгаагүй муу үзүүлэлт болсон байна.

Даваа гарагт Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж зэргэлдээ Викториа мужтай залгаа хилээ нээжээ. Долдугаар сараас хойш энэ хоёр муж коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд хоорондын хилээ хаагаад байсан юм.

Үүний үр дүнд дэлхийн хамгийн өндөр ачаалалтай агаарын замуудын нэг Мельбурн-Сиднейн нислэгийг сэргээсэн байна.

Даваа гарагт Мельбурн хотоос Сиднейд ирсэн Qantas-ийн эхний зорчигчдыг хүмүүс баяр ёслолын байдалтай угтжээ.

Австрали улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 28,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 900 орчим өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC