Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэр, түгээлтэд "Тээвэр зууч" программыг ашиглаж эхэлжээ

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хорио хязгаарлалт тогтоосон үед халдвар хамгааллын шаардлагын дагуу хүмүүс хоорондоо биечлэн шууд харьцахгүйгээр цахим технологи ашиглан хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Уг ажиллагааг зохион байгуулах түр журмыг Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаар тушаалаар батлуулсан байна.

Хүнсний болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос санаачилж боловсруулсан “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглаж байгаа бөгөөд ЗТХЯ, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.

Арваннэгдүгээр сарын 21-22-нд ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэрлэгчдэд зориулж 4 удаагийн онлайн сургалтыг зохион байгуулж, “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-д бүртгэлжүүлэх, QR код олгох ажлуудыг хийж эхэлсэн бөгөөд одоогоор системд нийт 2,531 хэрэглэгч /хувь хүн, ААН/ бүртгүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар 1,416 тээвэрлэгч бүртгэгдээд байгаагийн 1,217 нь тээвэрлэлт гүйцэтгэж, ачааны тээвэрлэлт зохион байгуулалтад орж эхэлжээ. 

Тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаанд цагдаагийн болон мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавих боломжтой бөгөөд тээвэрлэгчийн баталгаажсан тээвэрлэлтийн мэдээлэл, QR кодыг ухаалаг гар утас болон тусгай төхөөрөмжөөр уншуулж, хаанаас аль бөөний худалдааны төвөөс ямар ачааг хэзээ ачиж, аль маршрутаар хаана, аль дэлгүүр, хүлээн авагчид хүргэж байгааг шалгаж хянах юм байна.

“Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ийн “Тээвэр зууч” программыг ашигласнаар ачааг илгээгч болох бөөний худалдааны төв, логистикийн төв, ачааны терминалууд, тээвэрлэгчид болон ачаа хүлээн авагчид интернетээр өөрсдийн мэдээллийг оруулж, ачаагаа илгээх, хүлээн авах, ачаандаа тохирсон хариуцлагатай тээвэрлэгчийг сонгох, жолооч нар тээврийн үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэх, замын хөдөлгөөнд оролцохдоо хормын төдийд хянуулж шалгуулан, сааталгүй зорчих, хамгийн гол нь хүн хоорондын шууд харьцах халдварын эрсдлээс бүрэн дүүрэн хамгаалагдах боломж бүрджээ. 

Цаашид энэхүү “Тээвэр зууч” программыг зөвхөн нийслэл хот төдийгүй бусад бүх томоохон хот суурин болон хот хоорондын тээврийн үйлчилгээ, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамж, түгээлтэд, түүнчлэн хөдөө орон нутгаас хот суурин, үйлдвэрийн газруудад хүргэх түүхий эдийн тээвэрлэлтэд ашиглаж, ачаа барааны урсгалын нэгдсэн мэдээллийн систем бүрдүүлж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах болно.

 

Эх сурвалж: ЗТХЯ