Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

П.Манлайбаатар: Бидний төсөл хэрэгжээд дуусахад хүүхдүүдэд бий болох дадал цааш үргэлжлээд явах нь хамгийн гол үр дүн

A.Жаргал
2020 оны 11 сарын 25
iKon.MN

Шинэ үеийн оюутнууд нэгдүгээр дамжаа гэлгүйгээр нийгэмд чадах зүйлсээрээ хувь нэмрээ оруулахаар манлайлж байна. Тэдний нэг бол МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн 2 дугаар дамжааны оюутан П.Манлайбаатар. Тэрбээр “Улаанбаатар Эмпати” сургуулийн өнгөрсөн хавар төгсөөд МУИС-д химич болохоор элсэн оржээ. Гэхдээ сурахынхаа зэрэгцээ цагаар багшилж сурсан мэдсэнээ сурагчдад түгээхийн зэрэгцээ хоёр оюутны хамт санаачилсан төсөл нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бичил төслийн уралдаанд 200 гаруй санаачилгаас шалгарчээ.

 

П.Манлайбаатартай ярилцлаа. 

-НҮБ-ын төсөлд хэрхэн оролцох болсон бэ?

-НҮБ-ын ХХАА-н байгууллага аравдугаар сарын 16-нд болдог Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан “Хамтдаа ургуулж, хамтдаа хооллоё. Тогтвортой хөгжье” уриан дор бичил төслийн уралдаан зарлагдсан. Яагаад гэвэл дэлхийн хүн ам өсөхийн хэрээр эрүүл хүнс, шим тэжээлтэй хүнс маш чухал болж байгаа бөгөөд түүнийг дэлхийн нийт хүн амд хэрхэн тэнцүү хүргэх вэ гэсэн уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнд НҮБ-ын гишүүн орнууд нэгдээд хүнсний тэгш бус хуваарилалтын эсрэг бүх нийтийг уриалсан үйл ажиллагаа явуулж байгаа. 

Дэлхий дээр шинжлэх ухаан, техник технологийн олон нээлт ХАА-н салбарт нэвтэрч байгаа ч хүнсний үйлдвэрлэл тэнцвэртэй биш байгаагаас нэг хэсэг нь илүүдэл жингийн асуудалд орж байхад нөгөө хэсэг нь өлсгөлөнд нэрвэгдэж байна. Үүнээс улбаатай хүнсний хаягдал нэг талд ихээр бий болж байна. Тиймээс бид хүнсний хаягдлыг анхаарч, “Ухаалаг хог хаягдлын систем” гэсэн төслөөр оролцсон. 

-Тэгэхээр хүнсний хаягдлыг ухаалаг болгохдоо хэрхэн ажиллахаар төлөвлөсөн тухайгаа сонирхуулахгүй юу?

-Юуны өмнө төслөө төгссөн сургуульдаа буюу “Улаанбаатар Эмпати”-д хэрэгжүүлэхээр шийдсэн. Ингэхдээ хоол хүнсний хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ цаас, металл, шил, баттерей зэрэг дахивар хаягдлыг ангилж ялган эдийн засгийн  эргэлтэд оруулах төлөвлөгөө гаргасан. Гэхдээ энэ ажлыг зөвхөн бид хийхгүй. Монголын ирээдүй болсон хүүхдүүд тэнд байгаа шүү дээ. Тэдэнд бид сургалтаар зааж, өөрсдөөр нь хийлгэж үзэх юм.

Мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхэд би ганцаараа биш сургуулийн зүгээс дэмжлэг болж байгааг хэлэх хэрэгтэй. Төслийг маань дэмжиж, хамтдаа ухаалаг хэрэглээг хэвшүүлж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах гэж байгаа “Улаанбаатар Эмпати” сургуулийн захиргаа болон сурагчдын зөвлөлд энэ ташрамд талархаж байгаагаа хэлмээр байна.

-Төсөл нь хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ? Үр дүнг нь хэр амжилттай болно гэж бодож байна? 

-Төслөө 45 хоногт хэрэгжүүлээд тайлангаа гаргаж өгөх ёстой. Гэхдээ 45 хоног хэрэгжүүллээ гээд тэр хогийн савнуудыг аваад гаргачихгүй. Бидний манлайлал үргэлжлээд л явна. 

Сургуулиас гарч байгаа хоол хүнсний хаягдлыг гахайн ферм, нохой үржүүлгийн газар зэрэг хэрэгцээтэй газар нь өгч, тодорхой хэмжээний мөнгө авна. Түүнээс гадна цаас, шил гэх мэт дахивар хаягдлыг авдаг газрууд бий. Ийнхүү хаягдлыг мөнгө болгохоос илүүтэй хүүхдүүдэд зөв дадал хэвшүүлэхэд бидний төслийн гол ач холбогдол оршиж байгаа юм. 

Өмнө нь нэг хогийн саванд бүгдийг нь хийдэг байсан бол олон хогийн саванд хуваарилаад, ялгаж хаяад сурчихна. Сургууль дээрээ ийнхүү хогоо ялгаад сурчихаж байгаа хүүхэд гэртээ очоод ч гэсэн түүнийгээ хэрэгжүүлнэ. Үүнийг дагаад эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлт гудамж талбайд ч нөлөө үзүүлнэ гэж бид харж байгаа.

Тийм ч учраас бидний одоо эхлүүлж байгаа энэ жижигхэн алхам ирээдүйд маш том нөлөөллийг бий болгох бөгөөд үр дүн нь цаашид үргэлжилсээр байх болно гэдэгт би итгэж байна. 

-Чи яагаад химич мэргэжлийг сонгосон юм бэ? Хүүхдүүдийг хараад байхад химийн хичээлээс дөлөөд байдаг. 

-Байгаль дээрх, бидний амьдралд өдөр тутамдаа хэрэглэж буй бүх зүйл химийн элемент. Тиймээс түүнтэй яаж харилцах вэ гэдгийг нь заадаг хичээл бол хими. Тиймээс би химийн технолоигич болохоор суралцаж байна. 

Монгол Улс боломжоор дүүрэн орон. Гол нь өөрөө хөдөлмөрлөөд, тэр боломжийг алдахгүй барьж авах хэрэгтэй. Би төгсөөд энэ салбартаа ажиллана. Энэ чиглэлийн ирээдүй Монголд байгаа. Монгол улс арвин их нөөц баялагтай орон. Тэр бүхнийг химийн аргаар л боловсруулна. Тухайлбал, газрын тосны үйлдвэр байгуулагдаж байна. Тэнд мөн л химийн инженер хэрэгтэй. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.