Оюутолгойн ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 28% өсжээ
“Оюу толгой” компани 2020 оны III улирлын тайлангаа танилцууллаа.
Өнгөрсөн гуравдугаар улиралд тус төслөөс татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг улсад төлсөн бол үндэсний худалдан авалтад 273 сая ам.доллар зарцуулсан байна.
Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд энэ онд уулын ажил, үйлдвэрлэл эрчимжиж, ил уурхайн агуулга сайтай хэсэгт олборлолт шилжсэнтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар улиралд ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 28% өссөн байна.
2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлож, 140,000 – 170,000 тонн зэс, 155 - 180 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Харин хоёр асуудал байгааг уг тайлангаас харж болохоор байна.
- Манай улсын хууль журмын дагуу энэ онд тус компани ТЭЗҮ-гээ шинэчлэн долоодугаар сард хувь нийлүүлэгчдэдээ хүргүүлсэн. Мөн хоёрдугаар сард Нөөцийн тодотгол тайлангаа өргөн мэдүүлжээ. Нөөцийн тайланг түүнээс хойш 150 хоногийн дотор хэлэлцэж, нөөцийг бүртгэх ёстой бөгөөд үүний дараа 2020 оны ТЭЗҮ-ийг хэлэлцэх учиртай аж. 2021 онд Огтлох түвшний малталт эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө гүний уурхайн төслийн ерөнхий зардлын тооцоолол тусгагдсан ТЭЗҮ20 батлагдсан байх шаардлагатайг тайланд дурджээ.
- Түүнчлэн Таван толгойн цахилгаан станцаас Оюу толгойд эрчим хүч нийлүүлэх “Эрчим хүч худалдан авах гэрээ”-г 2021 оны гуравдугаар сарын1-нээс өмнө байгуулах шаардлага тулгарчээ. Учир нь энэ хугацаанд БНХАУ-аас эрчим хүч импортлох зохицуулалтын хугацаа дуусаж байгаа бөгөөд манай улс эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхгүй бол Өвөр Монголоос үргэлжлүүлэн эрчим хүч авах нөхцөл бий болох нь. Одоогоор Үндэсний эрчим хүчний сүлжээнээс тодорхой хэмжээний эрчим хүч авахаар тохиролцсоны дагуу 2020 оны есдүгээр сарын 3-наас “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-тай Оюу толгойн уурхайн цогцолборыг эрчим хүчээр хангаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
