Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Хятадын үүсгэсэн сансрын хог хаягдлууд хоорондоо мөргөлдөж магадгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2020 он гарсаар хоёр дахь удаагаа дэлхийн тойрог замд хаягдсан хоёр том объект хоорондоо мөргөлдөж болзошгүй зайнд ойртох гэж байна.

Хэрвээ тэд мөргөлдвөл тойрог замд олон мянган хэлтэрхий цацагдаж, хиймэл дагуулууд, сансрын хөлгүүдийн ажиллагаанд аюул учруулах юм.

Эдгээрийн нэг нь Хятадын пуужингийн хурдасгуур бол нөгөөх нь Зөвлөлтийн үеийн ашиглалтаас гарсан хиймэл дагуул ажээ. Тэдний хоорондоо мөргөлдөх магадлал 10-аас дээш хувьтай байгааг LeoLabs сансрын хог хаягдал хяналтын лаборатори мэдээлсэн байна.

Дэлхийн гадаргаас 991 км өндөрт байгаа хоёр объект Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 8:56 цагт Антарктидын ойролцоох тэнгисийн дээр хоорондоо 12 метр зайтай ойртох ажээ.

Объектуудын нийлбэр жин 2,800 кг бөгөөд тойрог замд 14.7 км/секунд хурдтай нисэж байгаа юм байна. Энэ нь бууны сумны хурднаас бараг 20 дахин хурдан гэсэн үг.

1999 оны тавдугаар сарын 10-нд хөөргөсөн Хятадын Long March 4B пуужингийн хурдасгуур нэг нь бол нөгөө нь 1989 оны хоёрдугаар сарын 22-нд хөөргөсөн Зөвлөлтийн цэргийн Парус хиймэл дагуул юм.

Харилцаа холбоо, залуур зүйн зориулалтаар ашиглагдаж байсан Парус хиймэл дагуул 17 метр урттай. Энэ том биет задарвал асар их хэмжээний жижиг хэлтэрхийнүүд тойрог замд бий болох юм.

2020 оны нэгдүгээр сард мөн ашиглалтаас гарсан хоёр хиймэл дагуул мөргөлдөх аюул үүссэн ч азаар зөрж өнгөрсөн байна.

Өнөөдөр хоёр биет хоорондоо мөргөлдвөл дэлхий дээр байгаа хүмүүст ямар ч аюулгүй, харин тойрог замд ажиллаж буй хиймэл дагуулууд, цаашид хөөргөх сансрын хөлгүүдэд аюул учруулах юм. Тэдгээр объектуудын чиглэлийг газраас удирдах ямар ч боломжгүй тул азанд найдан хүлээж суухаас өөр аргагүй гэнэ.

Шинэчлэгдсэн мэдээ: Хоёр объект өнөөдөр өглөө мөргөлдөлгүй зөрсөн тухай LeoLabs лабораторийн сошиал хуудсанд мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN