Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монгол Улсад хоёрдмол харьяалалтай 3,777 иргэн байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад суугаа хоёрдмол харьяалалтай иргэдийн талаар тоон мэдээллийг Гадаад иргэн, харьяатын газраас өглөө.  

Давхар харьяалал 
 

Монгол Улсад хоёрдмол харьяалалтай нийт 3,777 иргэн байгаа аж. 

Өөр улсын иргэний харьяалалтай болсон иргэдийг улсаар нь харвал:

  1. АНУ- 1,803 
  2. Казахстан- 735
  3. БНСУ- 167
  4. Шинэ Зеланд- 159
  5. Их Британи- 138
  6. Финланд- 109 

Эдгээр хүмүүсээс 1,808 нь насанд хүрсэн бол 1,969 нь хүүхэд байна. Хүйсээр нь харвал 1,663 эрэгтэй, 2,114 эмэгтэй хүн байгаа аж. 

Дэлхийн 76 оронд Монгол Улсын 170,000 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна
 

Өнөөдрийн байдлаар Дэлхийн 76 оронд Монгол Улсын 170,000 /ГХЯ-наас өгсөн тоон мэдээлэл/ гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. 

Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн тоон мэдээлэл:

  1. БНСУ- 46,620
  2. АНУ- 30,000
  3. Япон- 13,774
  4. БНХАУ- 12,753
  5. Чех- 9,851

Дээрх инфографикаас харвал монгол иргэд хамгийн ихээр амьдарч буй нь БНСУ байгаа бол АНУ удаалжээ. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэнэ
 
гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах хувийн урилга олгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх мэдээллийн сан хөтлөх, Гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, Иргэний харьяалал, цагаачлал, гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүргийг Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/ хэрэгжүүлдэг. 

Монгол Улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 120 гаруй хуульд гадаадын иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн эрх үүрэг, эрхэлж болох үйл ажиллагаа, хориглосон заалтыг тусгайлан хуульчилсан байдаг. 

Тэр дундаа гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулж буй гол хууль нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль юм. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан бөгөөд намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. 

Энэхүү хуулийн төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, 

  1. Монгол Улс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож өгсөн байдаг нь цаг үеийн шаардлага, олон улсын нөхцөл байдалд нийцүүлэн визийн шинэ ангилал нэмэх, өөрчлөх зэрэг зохицуулалт хийх боломжгүйд хүргэдэг. Иймээс визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлэх үүднээс визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байгааг өөрчлөн виз олгох журмын дагуу Засгийн газар тогтоодог байхаар өөрчлөлт оруулсан. Ингэснээр олон улсын хэрэгцээ, шаардлага, нөхцөл байдалд тохируулан Засгийн газрын түвшинд визийн асуудлыг хурдан шуурхай, уян хатан шийдвэрийг цаг алдалгүй гаргах ач холбогдолтой юм.
     
  2. Визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байдлыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг төсөлд тусгасан.
     
  3. Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоорхилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгаж, үүрэгжүүлсэн.
     
  4. Гадаад улс орнууд виз мэдүүлэх үйл ажиллагаатай холбоотой визийн материалын бүрдлийг хянах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг техникийн чанартай ажиллагааг визийн төв буюу хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх чиг хандлагыг баримталж байгаа. Манай улсын хувьд ч мөн Монгол Улсын визийг олон тоогоор мэдүүлдэг улс орнуудад визийн төв ажиллуулах зохицуулалтыг хуульд тусгасан. Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах, виз олгохтой холбоотой хууль бус дундын зуучлалыг багасгах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг бууруулах, визийн мэдүүлэгт тавих хяналтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой аж. 
     
  5. Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй хүн тус улсаас гарах бүрдээ “гарах-орох” зориулалтын визийг авч байгаа нь гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэл бий болгодог. Түүнчлэн энэ талаар Олон улсын иргэний агаарын тээврийн Чикагогийн конвенцын есдүгээр хавсралтад гишүүн улс орнууд оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг “гарах-орох” виз олгохоос татгалзах талаар зөвлөмжийг өгсөн байна. Иймд “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халах зохицуулалт хуулийн төсөлд тусгасан. 
     
  6. Гадаадын иргэний асуудлаар үүрэг хүлээж буй төрийн байгууллагууд нь өөр өөрийн мэдээлийн санг ашиглаж, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа дутмаг тул Монгол Улсад орох эрхгүй этгээдэд хилийн чанадад суугаа ДТГ-ууд виз олгох явдал гарсаар байна. Иймд визийн мэдээлийн нэгдсэн санд хилийн чанадад суугаа ДТГ-ыг холбох, виз олгох эрх бүхий байгууллагууд нэгдсэн сан ашиглах талаар тусгасан.
     
  7. Гадаадын иргэнийг албадан гаргахаас чөлөөлөх зохицуулалт одоогоор байхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд албадан гаргахаас чөлөөлдөг байхаар зохицуулж, мөн иргэний журмаар шүүхэд гомдол гаргасан бол шүүгчийн шийдвэрээр албадан гаргах ажиллагааг түдгэлзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд бий болгох шаардлагатай байгаа аж.