Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Цагаан ордонд Арабын хоёр оронтой энхийн гэрээ байгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн өргөө болох Цагаан ордонд Израйль улс Арабын хоёр оронтой энхийн гэрээ байгууллаа.

Ингэснээр Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн улсууд Израйльтай дипломат харилцаа тогтоож, харилцаагаа хэвийн болгох зам нээгдэж байна.

“Өнөөдөр бол дэлхий нийтийн хувьд гайхамшигтай өдөр. Шинэ түүх өнөөдрөөс эхэлж байна” гэж Ойрх Дорнодын гурван улсын хооронд зуучилсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Палестины газар нутгийг булаан эзэлсэн гэгддэг Израйль улсыг Арабын ертөнц дайснаа гэж үздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Израйль болон Персийн булангийн орнууд Иран хэмээх нэг дайсантай болсноос харилцаа нь сайжирч байгаа.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хоёр орны гадаад хэргийн сайд нартай гэрээнд гарын үсэг зурсны дараа Дональд Трамп ойрын үед “өөр 5-6 улс нэмж энхийн гэрээ байгуулна” гэж амлажээ.

1948 онд байгуулагдсан цагаас нь хойш Израйль улстай Арабын хоёрхон орон дипломат харилцаа тогтоосон байдаг. Тухайлбал 1979 онд Египет, 1994 онд Йордан улс албан ёсоор харилцаа тогтоож байжээ.

Дональд Трамп арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гадаад харилцаандаа ялалт байгуулж байгааг харуулах зорилготой байгаа.

Тэрбээр саяхан Балканы хойгийн Серби, Косово улсуудын харилцааг хэвийн болгох гэрээнд гарын үсэг зурах ажиллагааг Цагаан ордонд зохион байгуулсан юм.

Трамп бас Израйлийг дэмжигч, христийн евангели үзэлтэй сонгогчдын дэмжлэгийг авах зорилготой байна.

Персийн булангийн орнуудтай энхийн гэрээ байгуулахдаа Израйль улс Палестины газар нутаг болох Йордан голын баруун эргийг өөртөө нэгтгэх ажиллагаагаа бүр мөсөн биш, түр зогсоох амлалт авч байгаа ажээ. Тиймээс өчигдөр байгуулсан энхийн гэрээ нь Ойрх Дорнодын нөхцөл байдал сайжрах баталгаа болох эсэх нь эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian