Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий боловсролын хувийн сургуулиуд ШИНЭ ЭЛСЭГЧДЭЭ цахимаар бүртгэж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлджээ.

Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр энэ хичээлийн жилд 39,439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна.

Энэ жил дэлхий дахинд дэгдсэн цар тахлын улмаас Ерөнхий боловсролын улсын сургуульд шинээр элсэгчдийг цахимаар бүртгэж буй.

Харин хувийн сургуулиудын бүртгэлээ өөрсдөө зохион байгуулж байгаа юм.

"Хувийн сургуулиудаас Шинэ Монгол, Орчлон, Оюунлаг, Сант, Бритиш, Орхон Хасү зэрэг зургаан сургууль хамгийн эрэлттэй байдаг" гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Мэдээллийн сан, статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Т.Батбаяр хэллээ.

Тэрбээр "Тухайн сургуулиуд жил бүр ойролцоогоор, 

  1. Шинэ Монгол сургуульд 120,
  2. Орчлон сургууль -130,
  3. Оюунлаг сургууль-130,
  4. Сант сургууль-140,
  5. British School of Ulaanbaatar -60
  6. Орхон хасуй-80 сурагч шинээр элсүүлдэг гэх мэдээлэл байна" гэсэн юм.

Мэдээллийн дагуу эрэлт ихтэй сургуулиудтай холбогдоход дөрөв нь буюу Орчлон, Оюунлаг, Сант, Орхон-Хасү зэрэг сургууль нэгдүгээр ангийн элсэлтээ авж дууссан гэдгийг албаныхан мэдээлэв.

Иймд Шинэ Монгол болон British School of Ulaanbaatar сургуулийн бүртгэл хэрхэн явагдаж байгааг тодруулав.

Шинэ Монгол

 

Шинэ Монгол сургууль энэ хичээлийн жил 72 сурагч элсүүлэх бөгөөд элсэлтийн журмаа боловсруулжээ. Тодруулбал, тус сургуульд бүртгүүлэгчээс ярилцлага авч, ярилцлагын дүнг харгалзан элсүүлэхээр журамд заасан байна.

2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэгчдээ 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас наймдугаар сарын 14-ний 14:00 цагийн хооронд http://202.131.236.59/shinemongol хаягаар бүртгэж байна.

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  • Бүртгүүлэгч нь 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх.
  • Бүртгүүлэгчийн овог нэрийг кирилл үсгээр бичиж, регистрийн дугаарыг алдаагүй зөв оруулах. /Бүртгүүлэгчийн регистрийн дугаараар цахим бүртгэлд нэг л удаа бүртгүүлэх боломжтойг эцэг эх, асран хамгаалагч анхаарах хэрэгтэй/
  • Цээж зургийг оруулах /сүүлийн 3 сард авахуулсан байх, зургийн файлын төрөл - jpeg, png, jpg байж болно/
  • Бүртгүүлэгчийн эцэг, эх асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичих.
  • Бүртгүүлэгчийн эцэг эх, асран хамгаалагч нь "Та хүүхэдтэйгээ хамт тоглосон хөгжилтэй өдрүүдийн тухай", "Та хүү, охиндоо нэр хайрласан бэлгэшээлт өдрийн дурсамж, "Таны мэдэх Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн тухай" гэсэн сэдвийн аль нэгийг сонгон 200-250 үгтэй эсээ бичиж word эсвэл pdf файлаар оруулах.
  • Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг бөгөөд бүртгэлийн хураамжийг цахимаар бүртгүүлэх явцдаа QPAY үйлчилгээг ашиглан QR код уншуулан төлнө.
  • Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургууль эсвэл Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн зөвхөн нэгийг сонгож бүртгүүлнэ. Хоёр сургуулийн бүртгэл зэрэг явагдаж, ярилцлага нэг өдөр болно.
  • Бүртгэл амжилттай болсноор бүртгүүлэгч цахим бүртгэлийн системд нэвтэрч ярилцлагатай холбоотой аливаа мэдээллийг шуурхай авах эрх үүснэ.
  • Бүртгүүлэгч нь цахим бүртгэл хаагдсаны дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 14-ний 15:00-16:00 цагийн хооронд бүртгэлийн дугаар, ярилцлагад оролцох цагийн хуваарийг бүртгэлийн хуудаснаас харах боломж нээгдэнэ.
  • Бүртгүүлэгч нь ярилцлагад оролцохоор ирэх үедээ цахим бүртгэлийн системээс “Бүртгэлийн хуудас"-ыг хэвлэн авчирна.

Ингээд наймдугаар сарын 16-ны өдөр 09:00-19:00 цагийн хооронд бүртгүүлэгчидтэй хийх ярилцлага болно.

Ярилцлагад бүртгүүлэгч заавал өөрийн биеэр очих бөгөөд бүртгүүлэгч нь сургуульд ороогүй тул бичиг үсэг, тоо тоолол, унших чадвар зэргийг шалгахгүй, хөндлөнгийн комиссын бэлтгэсэн асуултын дагуу харилцан ярилцана.

Ярилцлагын үргэлжлэх хугацаа нэг хүүхдэд 10 минут байх юм байна. Мөн ярилцлага болох өдөр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар ч журамд заажээ. Журмыг ЭНДЭЭС  үзнэ үү.

Ярилцлагын дүнг мэдээлэх хугацаа:

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9:00 цагт гаргаж бүртгүүлэгчийн хувийн дүнг бүртгэлийн хуудас уруу илгээж, нэгдсэн дүнг сургуулийн new.shinemongol.edu.mn хаяг болон "Шинэ Монгол сургууль фэйсбүүк хуудсанд байршуулна.

Элсэн суралцах батламж олгох:

Ярилцлагад тэнцсэн, сургуульд элсэн суралцах шийдвэрээ гаргасан хүүхдүүдэд 2020 оны 8-р сарын 18-ны өдрийн 10:00-16:00 цагт элсэгчдэд онооны дарааллаар батламжаа гардуулна. Хүүхэд, эцэг эхийн хамт урьдчилан өгсөн хуваарийн дагуу ирнэ.

Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 77775599, 99294329, 94110838 дугаараас 10:00-17:00 цагийн хооронд холбогдож лавлагаа авч болно.

Цахим бүртгэлтэй холбоотой яаралтай асуух зүйлээ 99012097, 85162358 дугаарт холбогдож мэргэжлийн зөвлөгөөг 10:00-17:00 цагийн хооронд авч болох юм.

British School of Ulaanbaatar

 

British School of Ulaanbaatar сургууль нэгдүгээр ангийн элсэгчдээ есдүгээр сарын 10-ныг дуустал бүртгэж буй бөгөөд Их Британийн боловсролын хөтөлбөрийн дагуу таван настай сурагчдыг элсүүлдэг аж.

Мөн сургалтын системийн дагуу бүх хичээл Англи хэл дээр явагддаг тул элсэн ороход хэлний түвшин тогтоох шалгалт болон ярилцлага авсны үндсэн дээр элсүүлэх юм байна.

Сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүд admission@britishschool.edu.mn и-мэйл хаягаар эсвэл 7004-7788 дугаарын утсаар холбогдон элсэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.