Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Цэрмаа: Дархлаа дэмжих эм бэлдмэл, аминдэм харшил өдөөгч болдог

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 11
Сурталчилгаа

Интермед эмнэлгийн эмч Р.Цэрмаатай харшлын өвчний талаар ярилцлаа.

 

-Харшлын өвчин сүүлийн үед ихэсч байна, харшилгүй хүн нь цөөрч байна гэхэд буруудахгүй болчихлоо. Энэ талаар юу хэлэх вэ?

-2017 оны судалгаанд, Монголд нийт хүн амын 40 хувь нь харшилтай гэж гарсан байдаг. Эдгээрийн цаана оношлогдоогүй, шинж тэмдэг нь илэрсэн ч эмнэлэгт хандан оношилгоо, эмчилгээ хийлгэдэггүй хүмүүс байгаа учраас харшлын өвчин үүнээс ч илүү байгаа гэж үздэг. Европын харшил судлалын нийгэмлэгийн судалгаагаар 2025 онд нийт хүн амын 50 хувь нь харшилтай болно гэдэг тооцоолол бий. Харшлын өвчин жилээс жилд нэмэгдээд байгааг олон талаас нь тайлбарладаг. Нэгдүгээрт: хотжилттой холбоотой. Хотжилт дагж агаарын бохирдол, үйлдвэржилт, хөрсний бохирдол нэмэгдэж байна.  Хоёрдугаарт: улирлын онцлог бас нөлөөлнө. Хаврын улиралд хэт хуурай агаартай, тоос шороо болон нарны хэт ягаан туяаны идэвхжил нэмэгддэг. Дөрөвдүгээр сараас эхлэн зунжингаа ургамлуудын тоосонцор агаарт дэгддэг гэх мэтчилэн маш олон шалтгаан  нөлөөлдөг.

-Дархлааны системтэй холбоотой гэж ойлгодог нь зөв үү?

-Манайхан эрүүл мэндийн боловсролдоо төдийлөн анхаардаггүй. Түүнээс болоод харшилд илүү өртөмтгий болоод байгаа юм. Дархлааны идэвхжил, дархлааны систем алдагдсанаас гэхээс илүүтэйгээр гадаад орчны нөлөө их байна гэж үзэж байгаа. Хүмүүсийн амьдралын хэв маягаас болж, орчин өөрчлөгдөж байгааг дагаад харшлын өвчин ихэсч байна.

Монгол хүн эртнээс малын сүү, цагаан идээ их хэрэглэдэг, хөдөө орон нутагт газар шороотойгоо илүү ойрхон байсан. Гадаад орчноосоо тодорхой хэмжээний халдвар авч, түүнийхээ эсрэг дархлааны систем нь идэвхжиж, үйлчилдэг байсан. Гэтэл одоо хотжилттой холбоотойгоор яг эсрэгээрээ байна. Бидний харшлын дархлааны систем гаднаас орж ирж байгаа тоос, ургамал, мал амьтан, шавьжны гээд олон юманд хэт мэдрэмтгий болж, урвал явагдсанаар харшил үүсдэг.

 

-Шарилжны харшил хүмүүст хамгийн их дэлгэрсэн байдаг. Үүнээс хамгаалах вакциныг хийдэг. Ийм маягаар хамгаалах боломж бий юү?

-Шарилж гэж нэг төрлийн ургамлыг хэлээд байгаа болохоос 4-5 сараас эхлээд модлог ургамлуудын харшил эхэлдэг. Энэ үед улиас, бургас, хус мод тоосоо агаарт цацаж байдаг. Ингэснээр хүний амьсгалын зам, эсвэл нүдний салстаар биед ороод ирэхээр харшлын урвалууд явагдаж, хүний биед аль замаар орж байна гэдгээсээ хамаараад шинж тэмдгүүд нь өөр өөр илэрдэг. 6-8 сард арвай буудай зэрэг үет ургамлуудын тоосонцор агаарт дэгдэж харшил сэдэрдэг. Тэдгээрт тариалан эрхэлдэг, тэр орчимд нь амьдардаг хүмүүс илүү их харшилтай болоод байдгийн учир нь энэ. Бидний яриад байгаа шарилжны харшил ихэвчлэн наадмын дараагаас 9 сарын 15-ыг хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр олон төрлийн ургамлын харшил  үргэлжилсээр 4-9 сар хүртэл харшил хөдөлдөг.  

Дээрээс нь нэмээд тоосны, төмрийн, эсвэл хоол хүнсний харшилтай хүмүүс улирал харгалзахгүй, харшил төрүүлэгч биед орвол л шинж тэмдгээ өгч байдаг. Тэгэхээр эртхэн мэргэжлийн эмчид хандаж, сорил тавиулаад, харшлынхаа үүсгэгч нь юу вэ гэдгийг мэдээд, өөрөө зайлсхийж урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв. Хэрэв шарилжны харшилтай гэдгээ мэддэг бол угтуулах эмчилгээ буюу вакцин тариулбал бүр тусахгүй гэхгүй ч хөнгөн хэлбэрээр шинж тэмдэг нь мэдэгдэнэ. Хүн болгоны харшлыг ганцхан вакцин хийгээд дарна гэж байхгүй. Томуугийн вакцин хийсэн ч гэсэн ханиад томуу хүрч болно, гэхдээ хөнгөнөөр, шинж тэмдэг бүдэгхэн, таныг зовуурлуулахгүй, амьдралын чанарыг алдуулахгүй байна гэдэгт л чиглэсэн байгаа юм. Вакцин эмчилгээ сайн үр дүн өгдөг.

-Харшил болгон багтраанд хүргэхгүй биз дээ?

-Харшил аль замаар орсноосоо шалтгаалаад тухайн эрхтний, эсвэл тухайн замын хэсэг газрыг гэмтээснээр арьс салстынх, хоолных гэж олон төрөл байна. Их хэмжээний харшил төрүүлэгч биед орсон тохиолдолд бүх биеийн системийн шинж тэмдгүүдийг өгдөг. Харшил төрүүлэгч амьсгалын замаар биед нэвтэрч, хоолой ам өвдөх, нус нулимс гоожих, ханиалгах, чих загатнах, тагнай загатнах, бачуурах зэрэг шинж тэмдгүүд эхний үедээ хөнгөн бөгөөд зөвхөн тэр хэсэг газрын орчимд илэрч байдаг. Үүнийгээ эмчлэхгүй, цаг алдаад байхаар, эсвэл их хэмжээний шарилжтай газар очвол ч юмуу хүчтэй харшил төрүүлэгчийн нөлөөгөөр амьсгалын зам багтарч болно.

 

-Хамар нь битүүрэхээр эмийн сангаас дусаагуур аваад дусаагаад л яваад байдаг хүмүүс байдаг. Энэ нь нэг төрлийн харшил уу. Харшилтай хүнд бол эсрэг заалт биз дээ?

-Юунаас харшлаад байгаагаа мэдэхгүй жилийн дөрвөн улиралд хамар нь битүүрдэг, ханиалгадаг хүмүүс зөндөө байдаг. Хамар битүү үед амаар л амьсгална. Энэ бол маш буруу. Хамар нь гадаад орчны тоос тоосонцор, утаа угаар гээд маш олон юмыг шүүж цэвэрлэдэг, дулаацуулдаг. Хамар битүү үед шүүх, чийгшүүлэх, бүлээцүүлэх үүрэгтэй фильтр үгүй болж, гаднын агаар амаар шууд нэвтэрч, амьсгалдаг. Тэгэхээр гуурсан хоолойн салстууд илүү их цочирч  гуурсан хоолойн салст хавагнах, эмгэг шүүрэл ялгарах, булчингууд нь агших зэрэг харшлын үрэвсэл явагдаж  ханиалгах, цэр гаргах, багтрах зэргээр шинж тэмдэг илэрдэг. Системийн буюу бүх биеийн урвал өгөх үед амь насанд аюултай багтралын шинж тэмдгүүд илэрч, харшлын шоконд орох нь ч бий.

-Яг ийм багтрааны үед, амьсгал боогдоход хамгийн түрүүнд ямар тусламж үзүүлэх вэ?

-Амьсгалын замаар харшил үүсгэгч орох үед багтрал үүсдэг. Ялангуяа бороо орсны дараа, өглөө үүрээр ч юм уу, ургамлын тоосонцор агаарт дэгдэх үед эсвэл салхи шороо, шуургатай үед цонхоо онгойлговол их хэмжээний тоосонцор, ургамлын тоосонцрууд гэрт орж ирээд, түүгээр амьсгалбал угийн суурь харшилтай, багтраатай хүмүүст багтралын шинж тэмдгүүд өгч болно.

Багтарч байгаа хүнийг хүчилтөрөгчөөр амьсгалуулах арга хэмжээ авахаас гадна эмчтэйгээ зөвлөж байгаад яаралтай үед ямар цацлага хэрэглэх, эм уухыг мэдсэн байх ёстой. Зарим хүн димедрол тариад бүр хүндрүүлчихдэг. Болохгүй шүү дээ, зөв арга хэмжээ авч байж үр дүнтэй болно. Хэн нэгний зөвлөсөн, амнаас ам дамжин яригдсан эмчилгээ хийх, эсвэл нэг удаа очиход яаралтай арга хэмжээ авахаар хийсэн тариаг дараагийн удаад тарих гээд байдаг нь буруу. Энэ нь илүү хүндрэх, амь насанд заналхийлэх шалтгаан болдог. Буруу эмчилгээ өвчнийг улам хүндрүүлж, архагшуулдаг.

-Хүмүүс царцааны бэлдмэл, голио сайн гээд хэрэглээд байдаг. Ийм юм нөлөөлөх үү?

-Голио царцаа идэх, шоргоолжны хүчил хэрэглэх зэргээр дарах гэж оролддог. Үүнийг шинжлэх ухаанаар батлаагүй болохоор улам хүндрүүлэх аюултай ч байж мэднэ. Ер нь ямар ч эм тариаг дураараа хэрэглэж болохгүй.

-Харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүмүүс харшлын шинж тэмдэг илрэнгүүт эмчид яаралтай хандаж, хөнгөн үе дээр нь эмчлэх хэрэгтэй. Юунаас харшдагаа мэддэг бол харшил төрүүлэгчээсээ зайлсхийж байх хэрэгтэй. Зарим хүн хамрын цацлага, нүдний дусаагуурыг замбараагүй хэрэглэдэг. Өдөрт 1-2-ыг хэрэглэдэг гэдэг. Энэ нь тухайн үед хамрын битүүрлийг арилгаж, онгойж байгаа мэт боловч зөв сонголт биш. Харшлыг улам сэдрээж архагшуулах аюултай. Мах ургах, хуурайших, хатангирших зэрэг өвчин үүсгээд байдаг. Хамар битүүрснээс хүн тавгүйтэж, толгой өвдөж, стресст орж, бие өвддөг.

Апельсин, мандарин лимон зэрэг цитрусийн төрлийн жимснүүд ямар ч төрлийн харшлыг улам хүчтэй сэдрээдэг. Харшилтай хүн харшил нь идэвхждэг үед огт хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Шарилжны харшилтай хүн айраг, гүүний саам, үнээний сүү ууж болохгүй гэдэг. Сүү бол тэр чигээрээ уургийн маш өндөр агууламжтай байдаг. Уураг харшлын өвчнийг сэдрээж хүндрүүлдэг. Мөн бяслаг, өндөг, мөөг, далайн хоол зэргийг яг харшлын үеэ мэддэг бол хорьдог байх хэрэгтэй. Модлог ургамлын харшилтай хүмүүс алим, тоор, интоор зэрэг модонд ургадаг жимс идэхгүй байх нь дээр. Адил төрлийн харшлын хэт мэдрэгшил нэмэгдэж, тэр жимснүүдэд харшил өгөх магадлалтай.

Дураараа эм тариа хэрэглэх нь насан туршийн өвчтэй болгохоос гадна амьдралын чанар муудаж, ажлын бүтээмж үгүй болох эрсдэлтэй. Тэгэхээр аль болох эрт эмчид үзүүлж, эмээ л зөв сонгох ёстой. Эмчилгээ хийхгүй удвал эмчилгээний зардал улам ихэснэ. Өөртөө болон нийгэмд сөрөг үр дагавар ихтэй.

-Харшлын өвчнийг дархлаатай холбож тайлбарлаад байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хүмүүс дархлаагаа дэмжиж сайн байлгавал харшил тусахгүй гэж бодоод байдаг юм. Гэтэл эсрэгээрээ л дээ. Дархлаа муудсан, дархлаагаа дэмжих шаардлагатай үед өвдөг, хатиг, идээт үрэвсэл болон нянгийн халдварт өртөмхий болдог. Хавар болохоор витамин ууж, дархлаагаа дэмжээд, харшлаа сэдрээхгүй гэж ярьдаг. Эсрэгээрээ, харин ч дархлааны механизмууд хүчтэй идэвхжээд ирвэл харшил өгдөг. Олон төрлийн витамины найрлагатай жимснүүд, эм, тарианы бэлдмэлүүд дархлааны системийн тэнцвэртэй тогтвортой байдлыг үгүй хийдэг. Нэг ёсондоо хэт мэдрэгшил үүсгэж, мэдрэмтгий, амархан харшламтгай болдог. Дархлаа дэмжих зүйлс биед гаднаас ороод ирэхээр бие маань өөрийн дархлаагаа сулруулж, унтаа байдалд ордог. Ингээд нөгөө “хиймэл” эмчилгээ зогсохоор унтсан байсан өөрийн дархлаа сэргэх хүртэл янз бүрийн буглаа, идээт үрэвсэл гарч, амьсгалын дээд замын ханиад томуу, ангина зэрэг янз бүрийн өвчинд өртөх эрсдэлийг их нэмж өгдөг. Тэгэхээр харшилтай гэдгээ мэдэж л байгаа бол дархлаа дэмждэг эмүүд, эсвэл сүлжээний өндөр уураг, аминдэмийг бүү хэрэглэ, дархлааны системээ бүү оролдооч гэж зөвлөмөөр байна. Үүний оронд хоолоо сайн ид, цагтаа хооллож, илүү сайн унтаж амарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх хэрэгтэй. Дээрээс нь бид ам цангахад хүйтэн юм уудаг. Үүний оронд бүлээн ус уувал аяндаа цусны эргэлт сайжраад, хүний биеэс ялгарч байх ёстой дархлааны уургууд нэмэгддэг. Ер нь хүний амьдралын зөв хэв маяг өөрийн дархлааг байнга өндөр авч явдаг. Тэр дархлаа маань харшлаас ч, халдвараас ч хамгаална гэсэн үг.

-Танай эмнэлэгт харшлыг цогцоор нь эмчлэх багц гаргасан гэсэн?

-Харшлын эмчид үзүүлж, оношлуулаад, эрүүл мэндийн боловсролтой болоод, зөв эм хэрэглээд явбал хүмүүс бага зардлаар, зовуур багатайгаар эмчлүүлэх боломжтой. Манай эмнэлэгт хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээ үзүүлж, харшлын олон багц гаргаад байна. Энэ тэргүүнд сорилоо тавиулж, цусны, дархлалын уургийг үзүүлэн, багтралын шинж байгаа эсэхийг илрүүлэх гадаад амьсгалын үйл ажиллагааны сорилоо хийлгээд, шинжилгээний хариу гарсны дараа арьс-харшил, нүд, чих хамар хоолой болон уушгины  нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах юм. Харшлын сорил нь нэг багцандаа 20 үзүүлэлттэй. Манай эмнэлгийн сорьцын шинжилгээ бусдаас давуу талтай. Өмнө нь бид шинжилгээ өгөхөөс 48-72 цагийн дотор өөр эм уухгүй байх заалттай байдаг бол манай энэ авч байгаа шинжилгээгээр тийм хязгаарлалт хийхгүй. Харшлын, дааврын эм ууж байгаа эсэхээс үл шалтгаалж энэ шинжилгээг цусаараа өгөх боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.