Франц улсын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч “Charles de Gaulle” хөлөг дээр шинэ коронавирусийн халдвартай 50 хүн илэрсэн тухай тус улсын батлан хамгаалах яам Баасан гарагт мэдээлжээ.
Лхагва гарагт үүрэг гүйцэтгэхээр Атлантын далайд гарсан хөлгийн усан цэргүүдийн дунд халдварын шинж тэмдэг илэрсэн тул замын дундаас боомт руугаа буцсан юм.
Газар дундын тэнгисийн Тулон боомтод зогссон хөлгөөс гурван усан цэргийг буулгаж, эмнэлэгт хүргэсэн байна. Халдвартай нь тогтоогдсон бусад усан цэргүүдийн биеийн байдал хэвийн байгааг Францын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Хөлгийн нийт бие бүрэлдэхүүнд амны хаалт зүүлгэж, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Францын армийн хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн хөдөлгүүртэй “Charles de Gaulle” хөлөг дээр нийт 2,000 орчим усан цэрэг алба хаадаг. Одоогоор вирус хаанаас анх тархсаныг тогтоож чадаагүй байгаа гэнэ.
Өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч “USS Theodore Roosevelt” хөлөг дээр мөн коронавирус тархаж, 4,000 гаруй усан цэргээс нь 100 гаруй хүн халдвар авсан юм.
Одоо тус хөлөг Номхон далайн Гуам арлын боомтод 11 дэх өдрөө зогсож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж байна. Мөн усан цэргүүдийг оношлох, эмчлэх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!