Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт эдлэл, эртний эдлэлийн худалдаа эрхлэгчдийн судалгааг эхлүүлжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хороо үнэт эдлэл, эртний эдлэлийн худалдаа, арилжаа эрхлэгчдийн судалгааг хийж эхлүүлжээ. 

Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 18-нд ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон шалтгаануудын нэг нь үнэт металл, үнэт чулуу ба эдгээрээр хийсэн эдлэлийн худалдаагаар дамжуулж мөнгө угаах эрсдэл байна гэж үзсэн явдал. Учир нь уг салбар ямар ч хяналтгүй явж ирсэн юм. 

Тиймээс уг эрсдлээс сэргийлэх боломжийг бүрдүүлэх, саарал жагсаалтаас гарахын тулд үнэт металл, үнэт чулууны, эсхүл, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийг хамруулсан эрсдлийн үнэлгээний судалгааг зохион байгуулах, уг судалгааны үр дүнд үндэслэн тэднийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалахад нэн шаардлагатай ажлуудыг зохион байгуулж, үр дүнг тайлагнахыг даалгасан.

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо эдгээр арилжаа эрхлэгчдийг зохицуулах үүргийг хүлээсэн ба дөрөвдүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг авч эхлээд байгаа билээ. Тэгвэл Үндэсний статистикийн хороо СЗХ-той хамтран ажиллахаар болсон бөгөөд долоо хоног үргэлжлэх судалгаагаа ийнхүү дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлжээ. 

Уг судалгаа нь Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, цаашлаад Саарал жагсаалтаас гарах нэг боломжийг бий болгох тул үнэт металл, үнэт чулуу тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчид иргэний үүргээ биелүүлж, үнэн зөв мэдээллээ өгөхийг ҮСХ уриалав.