Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч хөл хорионы дэглэм зөрчигчдийг буудах зөвшөөрөл өгөв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахал сүүлийн өдрүүдэд эрчимжиж байгаа Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр орой телевизийн сувгаар ард иргэдэдээ хандаж мэдэгдэл хийжээ.

Тэрээр коронавирусийн тархалтыг удаашруулах зорилготой хөл хорионы дэглэмийг иргэн бүр хатуу дагах ёстойг энэ үеэр анхааруулсан байна. Филиппин улсад халдварын 2,311 тохиолдол бүртгэгдэж, 96 өвчтөн нас бараад байгаа. Гэхдээ сүүлийн үед өдөрт хэдэн зуун тохиолдол шинээр илэрч байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

“Байдал улам бүр муудаж байна. Тиймээс би асуудал ямар ноцтой болоод байгааг дахин нэг анхааруулъя. Та бүхэн намайг заавал сонсох ёстой” гэж Дутерте үгээ эхлүүлжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Цэрэг, цагдаа нарт өгөх миний тушаал бол…хэрвээ дэглэм сахиулахад бэрхшээл тулгарч, эсэргүүцэл үзүүлбэл тэднийг шууд бууд! Ойлгогдож байна уу? Асуудлыг хүндрүүлэхийн оронд та нарыг оршуулсан нь илүү амар гэж би бодож байна” гэсэн байна.

 Сүүлийн өдрүүдэд нийслэл Манила хотын захын дүүргүүдэд хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Родриго Дутертег хүчирхийллийг ил тод сурталчилдаг гэж байнга шүүмжилдэг. Өнгөрсөн хугацаанд тэр улс орондоо хар тамхины эсрэг дайн зарласнаас хууль хүчнийхний гарт олон мянган хүн амь үрэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters