COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж байна.
Нийслэлийн Онцгой комиссын гишүүн А.Даваажаргал "Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллгаагаа явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулах, хязгаарлах эрхийг нийслэлийн Засаг даргад өгсөн. Эрхийн дагуу өчигдөр захирамж гаргаж, өнөөдрөөс мөрдөж эхэлж байна" гэв.
НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон.
Үүнд 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон юм. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтлийг хийнэ.
Айл өрхүүд гэртээ жавельон, белизна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгалыг хийж болно" гэлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр "Үйл ажиллагаа нь түр зогсож буй байгууллагууд албан ёсны зөвшөөрөлтэй ариутгалын байгууллагаар гэрээлэн хийлгэх ёстой. Зөвшөөрөлтэй байгууллагууд нэг м.кв талбайг 600 төгрөгөөр ариутгадаг байсан бол нийгмийн хариуцлагын хүрээнд 200 төгрөгөөр хийхээр болсон.
Харин нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгалыг агааршуулагч машин, агаарын хийгээр орон зайг ариутгадаг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглахаар төлөвлөж байна. Гадна орчинд нэмэх градустай байх үед ариутгал хийх нь хамгийн тохиромжтой байдаг. Нийтдээ 9.2 сая м.кв талбайг ариутгал хийхээр төлөвлөсөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!