Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсад компанийн бондыг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь хувийн тэтгэврийн сан"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн II шат 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн уг төсөл бондын зах зээл буюу компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхаарах бөгөөд эхний шатанд Монголын хувьцааны зах зээлийг хөгжүүлэхэд ач холбогдол өгч ирсэн юм. 

Ингэхдээ санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болох Монголын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлого, шаардлагатай нөхцөл байдлыг тодорхойлохыг зорьсон гэдгээ өнөөдрийн зохион байгуулагдсан “Компанийн бондын зах зээлийн хөгжил болон зохицууалалтын орчин” сэдэвт семинарын үеэр ЖАЙКА-гаас онцоллоо. 

Үнэт цаасыг бонд, хувьцаа гэж ангилна. Бонд буюу өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг, тодорхой хугацаанд тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм. 

Бонд гаргагчаар нь Засгийн газрын ба Засгийн газрын бус бонд гэж ангилна. Засгийн газрын бонд ихэвчлэн 3 сар, 6 сар, 9 сар гэх мэт богино хугацаатай байдаг. Бондын хугацаа ихэвчлэн 3-40 жил байдаг. Засгийн газрын бус бондын гол төлөөлөл нь компанийн бонд юм. 

Манай улсад компанийн бондын зах зээл ямар байгаа талаар зөвлөмж гаргахад ашиглагдах суурь судалгааг хийсэн Эдийн засгийн судалгаа шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс болон СЗХ-ноос тайлбарласан юм.

"Эдийн засаг өсөхийн хэрээр компанийн бонд банкныхаа зээлтэй өрсөлдөхүйц болж гарч ирж чадвал зах зээл байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Б.Түвшинтөгс хэлэхдээ “Манай Засгийн газраас гадаадад одоогийн байдлаар нийт зургаан удаа бонд гаргаснаас дөрөв нь дуусаагүй. Харин дотооддоо 2017 оноос хойш бонд гаргахыг зогсоосон. Үүнээс харвал сүүлийн жилүүдэд Засгийн газар дотоодод бонд гаргаагүй учраас компаниудад бонд гаргах орон зай бий. 2018 оны эцсийн байдлаар Засгийн газрын дотоодын бондын үлдэгдэл ойролцоогоор 1.56 их наяд төгрөг байна. Зарим компани олон улсад Засгийн газрын баталгаатайгаар бонд гаргасаар ирсэн.

Манай улсын хувьд компанийн бонд нийтэд нээлттэй байдлаар 2001 оноос хойш нийтдээ 16 удаа гарсан. Үүний 15 нь Монголын хөрөнгийн бирж дээр, нэг нь Монголын үнэт цаасны бирж дээр гарсан байдаг. 

Судалгаа хийх явцад анзаарагдсан нэг харамсалтай зүйл нь бондын талаарх мэдээлэл үнэхээр олдоогүй, дутмаг байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Монгол Улсад компанийн бонд хэмээх зах зээл унтаа байдалтай байна. Мөн том зургаар дүгнэвэл,

  • Компанийн бондыг худалдаж авах институтийн хөрөнгө оруулагчид байхгүй
  • Санхүүгийн зах зээлд арилжааны банкууд давамгайлсан
  • Үнэлгээний компаниуд байхгүйгээс болж дата байхгүй
  • Хөрөнгө оруулалтын сан байхгүй гэх мэт сул талууд байна.

Гэхдээ цаашид найдаж буй зүйл нь эдийн засаг өсөхийн хэрээр компанийн бонд банкныхаа зээлтэй өрсөлдөхүйц болж гарч ирж чадвал зах зээл байна. Олон улсын валютын сангийн таамаглалаас харахад цаашид эдийн засаг тогтвортой байхаар ажиглагдаж байгаа тул үүнийгээ дагаад санхүүгийн зах зээл тэлэх боломжтой" гэв. 

Харин СЗХ-ны үзэж буйгаар Монгол Улсын компанийн бондын зах зээлийн хөгжилд тулгарч буй асуудлуудын тухайд,

  • Олон нийтэд нээлттэй санал болгон гаргах тохиолдолд биржид заавал бүртгүүлэх шаардлагатай
  • Үнэт цаасаа 50-аас дээш тооны хөрөнгө оруулагчдад санал болгон худалдах
  • Хороо болон хөрөнгийн биржээс тогтоосон шалгуурыг хангасан компани нийтэд санал болгон өрийн хэрэгсэл гаргах
  • Олон нийтэд санал болгохгүйгээр компанийн бонд гаргах буюу “Private placement”-ийн харилцааг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгаагүй.
  • Үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх
  • Гуравдагч этгээдийн баталгаатай гаргаж байгаа нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ болон гуравдагч этгээдийн гаргасан баталгааны нийлбэр дүнгээс илүүгүй байна
  • Зээлжих зэрэглэл тогтоох санхүүгийн үйлчилгээний тогтолцоо бүрэн хөгжөөгүй
  • Компаниуд бонд гаргалтыг нэг удаагийн давтамжтайгаар бус, нэг удаа бүртгүүлсэн тохиолдолд олон удаа дахин зөвшөөрөл авахгүйгээр гаргах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй
  • СЗХ болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны зохицуулалтын зарим давхардал
  • Компанийн бонд гаргахад шаардагдах үйлчилгээний шимтгэл хураамж өндөр байгаа гэдгийг хэлсэн юм. 

ЖАЙКА нь Компанийн бондын зөвлөхөөр ноён Акамацу Норитоког ажиллуулж буй бөгөөд түүний хувьд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны бондын зах зээлийг хөгжүүлэх салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ. Тэрбээр мэдлэг, туршлагадаа үндэслэн компанийн бондын зах зээлийн өнөөгийн ба ирээдүйн  төлөвийг судлан үзэж, хэрэгжих магадлал өндөр бодлогын зөвлөмж гаргахаар ажилласан байна. Уг зөвлөмжөө боловсруулж дууссан ба өнөөдрийн арга хэмжээний үеэр танилцуулж, санал солилцсон. 

"Компанийн бонд гаргах талаарх дүрэм журмыг илүү тодорхой болгох зэргээр хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлага байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Ноён Акамацу Норитоко “Монгол Улсын хувьд төдийгүй Азийн бусад улсад санхүүгийн зах зээл дээр нь банкууд давамгайлжээ. Компанийн бондын зах зээл байхгүй тохиолдолд банкууд давамгайлах нь ч ойлгомжтой. Монгол Улсад өнөөг хүртэл гарсан компанийн бондууд нь хаалттай хүрээнд гарсан зээлийн хэлэлцээр хэлбэрээр л байгаа нь харагдсан.

Мөн банкуудын зээлийн хүү, хадгаламжийн хүү хоорондын зөрүү өндөр байгаа нь санхүүгийн зуучлалын үйлчилгээ сул хөгжсөнтэй холбоотой бөгөөд энэ нь компанийн бондын зах зээлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс болж байгаа юм.

Түүнчлэн компанийн бондын өнөөгийн зах зээл сул буйг илтгэх дараагийн нэг асуудал бол бондууд дандаа хаалттай хүрээнд, богино хугацаатайгаар гарсан явдал. Үүнийг компанийн бонд гэж нэрлэж болохгүй зээл гэвэл илүү тохирох байх.

Монгол Улсад компанийн бондыг цаашид хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйл нь хувийн тэтгэврийн сангуудын хөгжлийн асуудал. Шуудхан хэлэхэд тус салбарын хөгжил нь компанийн бондын зах зээлийн хөгжилд шууд нөлөөлнө.

Засгийн газрын бондыг нь дандаа гаднынхан авч байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид хоёр эрсдлийг /зээл, ханш/ зэрэг хүлээхийг хүсэхгүй байгаатай холбоотой байх. 

Компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд:

  • Компанийн бондын зах зээлд холбогдогч байгууллагууд болон бонд гаргагч байгууллагуудын зах зээлд хандах хандлага, мэдлэг нь өндөр байх 
  • Бонд гаргах талаарх дүрэм журмыг тодорхой болгох зэргээр хууль эрх зүйн орчноо илүү сайжруулах
  • Олон улсад онлайнаар дамжуулан худалдан авах нь их байдаг тул  IT салбарыг хөгжүүлэх
  • Банкны салбарын төвлөрөл болон томоохон корпорацуудын банкуудтай харьцуулж болох харьцангуй хэмжээг тоймлон үзэх шаардлагатай" хэмээн үнэтэй зөвлөмжүүдээс хуваалцсан билээ.