Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны эдийн засгийн төлөв байдал, чиг хандлага

Барилга.мн
2020 оны 1 сарын 16
Барилга.МН
Зураг зураг

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагаа тодорхойлж, ирэх жилийн хийх ажлаа нарийн төлөвлөх цаг мөч хүн бүрийн өмнө ирээд байна.

Энэ үед улс орныхоо эдийн засаг, ирэх оны төсөв зэргийг судалж, олон улсын байгууллагууд, холбогдох агентлаг, газрууд, салбарын мэргэжилтнүүдийн үнэлэлт дүгнэлтийг тандан үзэж цаг үеэ мэдрэх шаардлага үүсэж байна. Иймд холбогдох байгууллагуудаас 

  1. 2019 оны хувьд эдийн засаг ямар байсан гэж дүгнэж байна вэ?
  2. 2020 оны төлөв байдал ямар байх, юун дээр анхаарвал илүү өгөөжтэй байх вэ? гэсэн хоёр асуултад хариулт авсан юм. 

Ирэх оны ажлаа төлөвлөж, анхаарахад зүг чиг болох биз ээ. 

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2020 ОНД СУЛАРЧ ИЛҮҮ ТОГТВОРТОЙ ТҮВШИНД ХҮРНЭ

 
Гэрэл зургийг MPA.mn

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн орлогч ба Ахлах эдийн засагч Деклан Магий: 

Хариулт:1. -Дотоод эрэлт өсөж, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн.

Хэдийгээр 2019 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байсан ч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол Улсын экспортын салбарт цаашдаа нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойших макро эдийн засгийн таатай байдлыг Засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Монгол Улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байгаа. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох, үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст ДНБ-ий 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт 5.0 хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Харин чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хариулт:2.- Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоох замд орсноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдана.

Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ.

Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна.

Инфляц 2019 оны эхний хагас жилд дунджаар 8.1 хувь байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2020 онд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харьцангуй бага байх тул инфляц 7.5 хувь болж буурна. Түүнчлэн 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2 хувь болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байна.

Ер нь Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна.

Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна. Ер нь Монгол Улсын эдийн засаг 2020 онд 6.1 хувийн өсөлттэй байхаар таамаглаж байна

БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ, ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

 

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану:

Хариулт:1. -Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь (эрэлт талаас тооцсон ДНБ) өссөн бол 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт хадгалагдсан. Ийнхүү өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлсөн.

Түүнчлэн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэмбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлсөн.

Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдлүүд байгааг анхаарах хэрэгтэй. 

Хариулт:2. -Хятад, АНУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн удаан үргэлжлэн, тодорхой бус байдал нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хятад, Евро бүс, АНУ-д эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай саарч байгаа болон Брэкситийн талаарх тодорхой бус байдал зэрэг нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн нутгийн орнуудын экспортын гадаад эрэлтийг цаашид улам сааруулж болзошгүй. Тэр тусмаа өр ихтэй, цаашид мөн өрийн хэмжээ нэмэгдэхээр байгаа нь эдийн засгийн удаашралын эсрэг төсөв, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна.

Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл дээрх бүс нутгийн орнуудын санхүүгийн өртгийг нэмэгдүүлж, улмаар бүсийн эдийн засгийн өсөлт, хувийн хөрөнгө оруулалтад цаашид ихээхэн ачаа дарамт болох боломжтой.

Иймээс өсөн нэмэгдэж буй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд ингэхдээ төсөв болон өрийн тогтвортой байдлыг анхаарлаас холдуулж болохгүй юм.

Мөн худалдааны нээлттэй бодлого баримталж, бүсийн худалдааны интеграцыг гүнзгийрүүлэх нь үр өгөөжтэй байх болно.

АНУ-Хятадын хоорондох худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн нутгийн орнууд бүтээмжийг дээшлүүлж, өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. Тодруулбал хөрөнгө оруулалтыг татах, бараа бүтээгдэхүүн, технологи, ноу-хаугийн хөдөлгөөнийг зохицуулахад чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зохицуулалтын шинэчлэл хийх нь зүйтэй юм. 

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД БАРИЛГЫН САЛБАР ГОЛЛОХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН

 

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжин:

Хариулт:1. -2019 онд Монгол Улсын эдийн засагт сэргэлт давамгайллаа.

Тухайлбал, тоон үзүүлэлтүүдийг харвал эдийн засаг  III улирлын байдлаар 6.3 хувь өсч, гадаад валютын нөөц нэмэгдэж 3.9 тэрбум ам.долларт хүрч, өрхийн орлого 7.9 хувь ахиж, нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 19 хувь буурчээ. Мөн энэ хугацаанд инфляц төв банкны зорилт орчимд байж, аравдугаар сард улсын хэмжээнд 7.6 хувь байна.

Эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 6.9 хувь, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 6.0 хувь буюу 242.8 тэрбум төгрөг өссөн нь голлох нөлөө үзүүлэв. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ III улирлын урьдчилсан байдлаар 3.5 их наяд төгрөгт хүрснээс 92.8 хувь нь дотоодын барилгын компани, 7.2 хувь нь гадаадын барилгын байгууллагаас үүдэлтэй аж.

Барилгын салбар нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон бусад макро эдийн засгийн хүчин зүйлсээс хүчтэй хамааралтай байдаг. Эдийн засаг өсвөл барилгын салбарыг эрэлтийн талаас дэмжинэ. Мөн хотжилт, шилжилтийн нөлөөллөөр салбарын хэмжээ тэлдэг. Нөгөө талаас барилгын салбар нь манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болдог учраас энэ талаараа өсөлт нь харилцан биенээ нөхцөлдүүлдэг. Гэхдээ сүүлийн үеийн мэдээллийг харахад барилгын салбарын бүтэц нэлээд өөрчлөгдөж байгаа.

Урд нь нийслэлд орон сууц барих хандлага давамгайлдаг байсан бол одоо орон сууцны бус барилгын ажил, инженерийн байгууламж нэмэгдэх, Улаанбаатар хотоос бусад аймаг, хотуудад барилгын салбарын үйл ажиллагаа тэлэх байдал ажиглагдаж байна.

2019 оны III улирлын байдлаар барилга угсралтын ажлын 28.6 хувийг орон сууцны барилга, 49.5 хувийг орон сууцны бус барилга, үлдсэн 21.9 хувийг инженерийн болон бусад барилга, засварын ажил эзэлсэн байгаа.

Хариулт:2. -2020 онд эдийн засгийн өсөлт тогтворжих төлөвтэй байна.

Цаашид энэ эрчээрээ өсөх нь өөрөө инфляцын дарамт болон халах эрсдлийг бий болгож болзошгүй. Нөгөөтээгүүр, түүхий эдийн үнэд өсөлтийн мөчлөг дуусаж байна. Түүхий эдийн үнээс хамаарч эдийн засгийн орлого тогтворжих, эсвэл буурах хандлага давамгайлж байгаа. Тиймээс гадаад хүчин зүйлээс үүсэх эрсдлийг бууруулахын тулд нөөцийг онцлоод байгаа юм.

Цаашлаад төлөгдөх гадаад өрүүд хүлээгдэж байгаа учраас зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал. Ялангуяа, сонгуулийн жилийн төсөвт үүнийг маш их анхаарч, хяналт тавьж байх нь зөв. Эдийн засагт богино хугацааны өсөлтөөс илүү, дунд болон урт хугацааны тогтвортой байдал нь илүү чухал байдаг. Тэгэхээр одоо хүрээд байгаа өсөлтийг тогтворжуулж, инфляцыг төв банкны зорилтот түвшинд тушиж, төсөв болон урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

БАРИЛГЫН САЛБАРЫН ХУВЬД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХЭТ БУУРАХГҮЙ

 
Гэрэл зургийг Mpa.mn

СЭЗИС-ийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор, эдийн засагч, “Барилга.МН” сэтгүүлийн бодлогын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан:

Хариулт:1. -2019 оны эдийн засаг 2017 оноос эхэлсэн эдийн засгийн сэргэлт үргэлжилсэн жил болж байна.

Монгол Улсын эдийн засаг 11 улирал дараалан дунджаар 6.2 хувийн өсөллтэй, хоёрдугаар улиралд сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшин болох 7.3 хувийн өсөлттэй байсан нь эдийн засгийн нөхцөл байдлыг харуулах нэг гол үзүүлэлт юм.

Үүнээс гадна, өрхийн орлого, төсөв, гадаад худалдаа зэрэг үзүүлэлтийн хувьд эерэг байна. Энэ нь гадаад зах зээлийн эерэг байдал, эрдсийн бүтээгдэхүүний үнэ өндөр байсантай холбоотой. Гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт харьцангуй саарч 6.3 хувийн өсөлттэй гарсан, экспорт, импортын өсөлтийн хурд саарсан зэргээс харвал оны төгсгөл эдийн засгийн нөхцөл байдал 7%-д хүрэхгүй өсөлттэй гарах магадлалтай байна. Эерэг үзүүлэлтүүдийн зэрэгцээ энэхүү гадаад худалдааны өсөлтийн удаашрал, санхүүгийн салбарын зээлийн чанар сайжрахгүй байгаа, инфляци зорилтот түвшнээс давах магадлал өндөр зэрэг нь эдийн засаг хэдийгээр өндөр өсөлттэй байгаа боловч суурь нь бүрэн сайжраагүйг бидэнд сануулж байна.
 
Хариулт 2:  Эдийн засгийн нөхцөл байдал өнгөц харахад сайн байгаа боловч Монгол Улсын эдийн засаг гадаад зах зээл, уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдлыг харгалзан үзвэл эмзэг хэвээр байгаа нь тодорхой.

2020 оны хувьд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар харьцангуй гутранги таамаглалуудыг олон улсын байгууллагууд дурдаж, худалдааны дайн гэх мэт томоохон эрсдлүүдийг онцолж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ч дээрх байгууллагууд 6%-аас доош байхаар таамаглаж байна.

Дотоод талд төсвийн хэт тэлэлт, орлогын өндөр таамаглал, улс төрийн эрсдэл бидэнд байгаа. Энэ бүгдээс харахад 2020 оны хувьд бид 2019 оны өсөлтөд хараахан хүрэхгүй байх магадлал бий. Үүн дээр өмнө дурдсан эдийн засгийн хямралын дараах сэргэлт харьцангуй удааширч байгааг анхаарах хэрэгтэй.

Бидний хувьд гол анхаарах зүйлс нь Оюутолгойг гацаанаас гаргах, Тавантолгойн төслийн олон улсын зах зээлд гаргах асуудлыг шийдэхийг хичээх нь эрсдлийг бууруулахад эерэг нөлөөлнө. Мөн эдийн засгийн суурийг бэхжүүлэх дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлэх нь тухайн жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, ирээдүйд ирж болзошгүй эрсдлээс хамгаалах давхар эерэг нөлөөтэй.

Барилгын салбарын хувьд эдийн засгийн өсөлт хэт буурахгүй үргэлжлэх, төсвийн хөрөнгө оруулалт нь эерэг нөлөөлөх талтай, сөрөг тал нь иргэний барилгын салбарын хувьд ипотекийн санхүүжилтийн хэмжээ буурсан тодорхой томоохон шийдэлд хүрээгүй байгаа нь борлуулалтад сөргөөр нөлөөлнө.
 

 

Зураг