Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"2021-2024 онд төлөгдөх 2.9 тэрбум ам.долларын өрийг эдийн засаг, ханшид дарамт учруулахгүйгээр төлнө"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийг дагаж мөрдөх журмуудыг баталж, дуусжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийн, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас ойрын хэдэн жилдээ эдийн засгийн бодлогыг зөв явуулахын тулд Татварын багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээр жилийн дараа ээлжит бус чуулганаараа хэлэлцэж, баталсан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд очдог татварын дарамтыг буулгах,  иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн өөрчлөлтийг багцаар нь шийдсэн. 

Хуулийн өөрчлөлтийг хийхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийж, ирэх оны 1-р сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Дагаж мөрдөх 40 гаруй журмыг олон нийтээр хэлэлцүүлснээр сүүлийн журмуудыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дууслаа. Хуулийг дагаж мөрдөх бэлтгэл бүрэн хангагдсан буюу хууль хэрэгжихэд бэлэн" гэлээ. 

-Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа. Энэ талаар таны байр суурийг тодруулъя?

-Засгийн газар урт хугацааны турш судалж байж, татварын бодлогоо УИХ-аар батлуулсан. Сонгууль дөхөж байна, бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд их байдаг юм байна. Тэд энэ асуудлыг тавьж байна гэж ойлгож байгаа. 

-Далд эдийн засаг ямар хэмжээнд байна вэ. Зах худалдааны төвүүдээс эхлээд НӨАТ-ын баримт өгдөггүй газар их байна?

-Бид үүнийг засахын тулд Татварын багц хуулийг санаачилсан. Улс орон даяар хэрэгжүүлж эхлэн, тэр хэмжээгээр татварын бааз сууриа бүрдүүлнэ. 

-2020 оны есдүгээр сард багтан Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргана гэж байгаа. Монголбанк энэ асуудалд анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Сангийн яам хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг байгуулж, Сангийн сайдаар ахлуулсан. Ажлын хэсэгт Сангийн яам, АТГ, Тагнуулын ерөнхий газар, шүүх, прокурор гээд бүх байгууллагын төлөөлөл багтсан. Өнөөдрийн хуралдаанаар нийт 7 хуульд өөрчлөлт оруулахаар санал гаргаж, батлууллаа.

Үүнээс гадна саарал жагсаалтаас гаргах ажлын төлөвлөгөөг баталсан. Нэгдүгээр сарын 20-нд Бээжинд хамтарсан группийн хурал болох тул тухайн сарын 8-наас өмнө Монгол Улс тайлангаа өгөх ёстой. Үүний дараа хоёр болон тавдугаар сард болох ФАТФ-ын хуралд тайлангаа тавьж, ажиллах юм.

"Саарал жагсаалтаас гаргахын тулд долоон хуульд өөрчлөлт оруулна"

-Өөрчлөлт оруулах долоон хуулийг тодруулна уу?

-Үл хөдлөх хөрөнгийн тухай, үнэт чулуун эдлэлээр дамжуулж мөнгө угаалт хийгдэх магадлалтай гэж үздэг. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээнд хуулийн орчноо дутуу тооцоолсон байна.

Хөрөнгийн үнэлгээг санхүүгийн үйлчилгээнд хамруулаагүй байгаа тул хууль бус зүйл хийгдэх магадлалтай гэж үзсэн. Тиймээс мөнгө угаах, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүй байдлын тухай гэх зэрэг долоон хуульд өөрчлөлт оруулахаар байгаа. 

-Засгийн газрын өр ямар хэмжээнд байгаа вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш 8 их наядын өрийг төлсөн дүн гарсан. Өрийн хэмжээ ДНБ-ий 75 хувьтай тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар ДНБ-ий 55.1 хувьтай байгаа гэх урьдчилсан тооцоо гарсан. 

-Ирэх онд бондын төлбөр төлөгдөж эхэлнэ. Үүнд Засгийн газар бэлдэж байна уу?

-2021, 2022, 2023, 2024 онд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Энэ өрийг шийдэх стратегийг боловсруулсан. Бид эдийн засаг, ханшид дарамт учруулахгүйгээр зохион байгуулна.