Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд орон нутгийн замд хот хоорондын том оврын автобустай үйлдэгдсэн зам тээврийн ноцтой осол, түүнээс сэргийлэх талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудын захирлуудтай уулзсан юм.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдоос сүүлийн үед гарсан ослын талаар тодрууллаа.
- Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэр Солонготын даваа орчимд гарсан ослын талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Энэ оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Завхан, Архангайн хооронд зорчиж явсан автомашин Архангай аймгийн Халзанбүргэдэй-Солонготын давааны орчимд замын хажуу руу онхолдож хоёр хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ осол гарахаас гурван хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын иргэд мөн тухайн хэсэгт автомашинтайгаа онхолдож, гэмтэж бэртсэн хэрэг гарсан.
2015-2019 оны хооронд тухайн хэсгийн авто замд гарсан ослын мэдээллийг судалж үзэхэд нийт найман хүний амь эрсдсэн тохиолдол бүртгэгдсэн.
Тухайлбал, энэ жил тухайн зам дээр хоёр хүний амь эрсдэж, 10 хүн гэмтэж бэртсэн бол 2018 онд хоёр хүний амь нас эрсдэж, дөрвөн хүн гэмтэж, бэртсэн гэх тоон мэдээлэл бий.
Эдгээр ослын шалтгаан, нөхцөлийг авч үзэхэд замын аюулгүй байдал болон замын хийц тогтцоос хамаараад нэлээд эрсдэлтэй зам гэж болохоор байна.
Тус авто замыг 2017 онд ашиглалтад хүлээж авах байсан боловч Халзанбүргэдэй-Солонготын давааны орчмын эргэлтүүдэд байх ёстой туузан хаалтуудыг гүйцэтгэгч байгууллага төсөв хэтэрсэн шалтгаанаар байрлуулаагүйн улмаас улсын комисс хүлээж аваагүй.
-Ослын тухайд замаас шалтгаалсан гэж тогтоогдчихсон хэрэг үү?
- Үгүй. Тухайн замд холбогдох тэмдэг тэмдэглэгээ нь байсан эсэх асуудлыг Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа.
Гэхдээ тус авто зам нь Архангай аймгаас Завхан чиглэлд явах үндсэн бөгөөд хамгийн боломжтой зам. Тийм учраас аюулгүйн тоноглолууд болон авто замын зураг зурагдахад л хийгдэх ёстой байсан туузан хаалтууд хийгдээгүй асуудлуудыг нэлээд сайн шалгана.
- Хэрвээ тухайн хэсэгт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй болон авто замаас шалтгаалсан эсэх нь тогтоогдвол хэн хариуцлага хүлээх вэ?
- Авто замын тухай хуульд зааснаар авто зам барьж, ашиглалтад оруулж байгаа компани нь стандарт шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой байдаг. Мөн тухайн замыг арчлагч, хариуцагч байгууллагууд өдөр тутамд хяналт шалгалт хийж, халтиргаа, гулгаанаас эхлээд аюултай нөхцөл үүссэн бол түүнийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй.
Тээврийн цагдаагийн албаны хувьд осол гараад буй цэгүүдэд тодорхой хэмжээний судалгаа шалгалтууд явуулан засах шаардлагатай бол холбогдох албан мэдэгдлийг зам хариуцагч, зам эзэмшигч байгууллага руу нь өгч ажилладаг.
Шалгалтын явцад осол тухайн авто замаас шалтгаалсан тохиолдолд тухайн авто замыг хүлээж авсан төсөвлөсөн байгууллага хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн алба зам арчлах болон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах үндсэн үүргийг хүлээдэггүй.
Харин Авто замын тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын хуулиараа замын аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн аймаг нийслэлийн Засаг дарга нар болон аймаг хоорондын замыг Зам, тээврийн хөгжлийн яам, Авто замын хөгжлийн үндэсний төв гэх байгууллагууд хүлээдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!