Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Архангай аймгийн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын барилгын ажил дуусч, өчигдөр нээлт нь боллоо.
Нээлтийн ажиллагаа Архангай аймгийн Тариат суманд болж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Санжмятав болон Архангай, Завхан аймгийн ард иргэд оролцлоо.
УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд зам, тээврийн салбарт томоохон ахиц гарлаа. Энэ хугацаанд 6000 орчим км зам тавилаа. 2015 онд тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзанбүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай автозамын нээлт өнөөдөр болж байна. Улаанбаатар хотоос 700 орчим км алс энэ замыг 7 орчим цагт туулах боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг газарт монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж бүрдэж байна.
Ирэх хавар Завхан аймгийн Тосонцэнгэл сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдоно, бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд хатуу хучилттай автозамаар холбогдох төлөвлөгөө бий.
2016 онд багтааж Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох зорилтоо бид хэрэгжүүлнэ. Эдгээр замууд гүйцэтгэх эзэнтэй болсон, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ.
Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Монроуд”, зөвлөхөөр нь “Гео зураглал” ХХК ажилласан байна гээд эдгээр компанийнханд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Эх сурвалж: ЗГХМОНХА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!