Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Өлзийхутаг: 2020 онд угийн бичиг онлайн хувилбарт шилжинэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын ураг удам уламжлалын холбоо ТББ хамтран “Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.  

Үндэсний зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийгэмдээ нэр хүндтэй, үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн, нийгмийн баялгийг бүтээлцэж байгаа залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл болсон гэр бүлүүд, Монголын үндэсний өв соёл, түүх, ураг удмын талаар судалгаа, шинжилгээ хийсэн эрдэмтэд зэрэг нийт 500 орчим төлөөллүүд иржээ. 

Техник технологийг ашиглаж, угийн бичгээ хөтлөх боломжийг монгол түмэндээ хүргэх зорилготойгоор www.ugiinbichig.mn цахим хуудас болон ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх боломжтой программ хангамж гараад таван жил болж буй.

Энэ хугацаанд 300 орчим овог удам тус программыг хэрэглэж байгаа ба цахим хуудсанд нь 126,878 хүн 106 орноос холбогдсон байна.

Уг программ нь одоогоор 2.0 хувилбарыг ашигладаг бөгөөд тун удахгүй 3.0 хувилбарыг гаргахаар болжээ. 3.0 хувилбар гарснаар онлайнаар шууд ургийн бичиг, удмын түүхээ хөтлөхөөс гадна дэлхийн аль ч өнцгөөс өөрсдийн өвөг дээдэс болон төрөл төрөгсдийнхөө мэдээллийг авах боломжтой болох аж.

"Угийн бичиг биет бус өв тул хамгаалж, хадгалах арга хэмжээг авах шаардлагатай"
 
Гэрэл зургийг MPA.mn

"2020 онд угийн бичиг онлайн хувилбарт шилжинэ. Мөн угийн бичгийг хөтөлж цус ойртохоос урьдчилан сэргийлэх, төрөл садангаа таньж мэдэх, монгол уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх зэрэг олон давуу талтай учир улсын хэмжээнд анхаарлын төвд оруулахыг хүссэн.

Удам угсаагаа мэдэж, угийн бичгээ хөтөлдөг байх нь иргэн бүрийн үүрэг. Иймд угийн бичгийг хүн бүр хөтлөх тал дээр улсын хэмжээнд анхаарч, ач холбогдол өгч ажиллах шаардлага байна. Цус ойртолтыг 40 орчим жилийн өмнөөс Ж.Батсуурь доктор судалсан. Судалгааны үр дүнгээс нь харвал 21 аймагт цус ойртолт их байгаа ба Засаг захиргааны нэгжийг жижиглэсэн нь цус ойртох аюулыг улам ихэсгэж байгааг хэлсэн. Нөгөө талаар угийн бичиг биет бус өв тул хамгаалж, хадгалах арга хэмжээг авах шаардлагатай" хэмээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Н.Өлзийхутаг зөвлөгөөний үеэр онцлон хэлсэн юм.

Зөвлөгөөний үеэр болсон бас нэгэн онцлох үйл явдал бол олон жил угийн бичгээ хөтөлсөн үлгэр жишээ гэр бүлүүдээс гурван гэр бүлийг шалгаруулж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит шагналаар шагнасан явдал байлаа.

  • Завхан аймгийн Г.Цэрэнбалбар
  • Архангай аймгийн Н.Жамбалганий
  • Говьсүмбэр аймгийн Д.Цогбадрах

Үүнээс гадна угийн бичгээ хөтөлсөн гэр бүлүүдийн зүгээс Монголын хүүхдийн ордны их танхимд үзэсгэлэн гаргаж, олон нийтэд мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгуулж байна.

"Хүнийг энэ ертөнц дээр амьдарч байсныг илтгэх нэг зүйл нь угийн бичээс гэж боддог"
 
Гэрэл зургийг MPA.mn

Говьсүмбэр аймгийн иргэн М.Хишигдэлгэр “Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Миний хувьд 1,000 гаруй хүнийг харуулсан долоон үеийн угийн бичгийг үргэлжлүүлэн хөтөлж байна. 1840-2019 оны хооронд буюу 180 орчим жилийн манай ах дүүсийн түүх бий.

Би угийн бичгээ өөрөө хадгална гэхээс илүүтэй олон түмэнд түгээхийг зорьсон. Ингэхдээ 21 жич тус бүрээр нь ангилж жижиг хэмжээтэйгээр гаргасан. Бас том хэмжээтэйгээр гурван ширхгийг хэвлүүлсэн. Ер нь би гэдэг хүнийг энэ ертөнц дээр амьдарч байсныг илтгэх нэг зүйл нь угийн бичээс гэж боддог. Тэгэхээр бүх хүн угийн бичгээ хөтлөхөд ач холбогдол өгөх хэрэгтэй. 73 нас хүрч яваа надад цаашид судлах зүйл их байгаа хэдий ч нүдний хараа муудахаас эхлээд асуудал гарах юм" хэмээв.  

"Залуучуудын хувьд ургийн баярт нь оччихоод, ургийн бичигт ач холбогдол өгдөггүй, ярианы сэдэв болгодоггүй"
 
Гэрэл зургийг MPA.mn

Залуучуудын төлөөлөл Ураг удам уламжлалын УЗ-ийн гишүүн Г.Тулга “Ургийн бичгийг хөтлөөд, хүч хөдөлмөр зарцуулж буй хүмүүс нь ихэнхдээ ахмад настангууд байна. Харин залуучуудын хувьд ургийн баярт нь оччихоод, ургийн бичигт ач холбогдол өгдөггүй, ярианы сэдэв болгодоггүй байдал ажиглагддаг.

Хэрвээ угийн бичгийг ярианы сэдэв болгохгүй бол монголын цус ойртолт гамшгийн түвшинд оччихсон байгаа энэ үед том асуудал. Өөрөөр хэлбэл, чимээгүй үхэл үргэлжилсээр л байна. Эхний ээлжид цус ойртолтоос сэргийлэх үүднээс ургийн бичгээ таних хэрэгтэй. Миний хувьд өөрийгөө илүү их таньж мэдэхэд тус болдог зүйл. Угийн бичиг энгийн юм шиг хэрнээ тусгаар тогтнолыг авч үлдэх зүйлийн нэг” гэв.

2017 онд анхны зөвлөгөөнөө зохион байгуулж байсан уг арга хэмжээ энэ жил хоёр дахиа зохион байгуулагдаж буй бөгөөд өрх гэр бүлүүдийг ургийн бичгээ хөтлөхийг уриаллаа.