Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн аялал жуулчлалын төв Венец хот усанд автаад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн аялал жуулчлалын том төв болдог Италийн Венец хот усархаг борооны улмаас сүүлийн 55 жилд тохиолдоогүй их үерт автаад байна.

Мягмар гарагийн шөнө усны түвшин 1.87 метрээр дээшилж, тус хотын иргэд, байгууллагуудын өмч хөрөнгийг ихээр сүйтгэжээ.

Хамгийн сүүлд 1966 онд Венецийн усны түвшин 1.94 метрээр нэмэгдэж байсан юм.

Лхагва гарагийн өглөөний байдлаар энэ хэмжээ 1.60 метр болж буурсан байна. Өнөөдөр буюу Пүрэв гарагт Венецийн усны түвшин хэвийн үеийнхээс 1.3 метр орчим өндөр байна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Лхагва гарагт тус хотын сургууль, музейнүүд хаагдсан байна. Тэдгээрийн дотор Гэгээн Маркийн цогчин дуган багтжээ. 1,000 жилийн түүхтэй энэ дуган 2018 оны арваннэгдүгээр сард усанд автсаны дараа гантиг чулуун шал, хүрэл хаалгыг нь сэргээн засварлахад 2.2 сая еврог зарцуулж байв.

Энэ удаа өмнөхөөсөө илүү хохирол гарах магадлалтай байна.

Хотын иргэд Венец хотыг үер усны аюулаас хамгаалах талаар сүүлийн 30 жил ярьсан ч бодит ажил болгож чадаагүй Италийн эрх баригчдыг шүүмжилж байна. Венецийн захиргаа энэ удаагийн гамшгийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian