Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс хамгийн өндөр хүчин чадал бүхий цахилгаан дамжуулах дэд станцтай боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
 

Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хүчин чадал бүхий 330кВ-ын Улаанбаатар - Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35кВ-ын “Мандал” дэд станц ашиглалтад орлоо.

БНХАУ-ын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг станцыг барих ажлыг санхүүжүүлсэн байна.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эдгээр зангилаа дэд станцууд нь эрчим хүчний системийн ашиглалтын аюулгүй найдвартай, ухаалаг ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Улаанбаатар - Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжтой боллоо.

Ингэснээр импортын эрчим хүчинд зарцуулдаг валютын урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж байгаа юм.

Энэ бүтээн байгуулалтын ажилд үндэсний эрчим хүчний барилга угсралтын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж үндэсний мэргэжилтэй ажилчин, ажиллагсадын ур чадварыг харуулж, компаниудын чадавхийг бэхжүүлснийг онцлон тэмдэглэж байна.

330кВ-ын агаарын шугам, дэд станцын чиглэлд манай мэргэжилтнүүдийг сургасан, туршлага суулгасан бүтээн байгуулалт болж байгаа юм” хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.

Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /TBEA/ компани ажиллаж, Төсөл хэрэгжүүлэх нэгж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хамтран ажиллав.

Дэд станцыг улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.